Баруун Африк-Үнэт металлын компаниудын зайлшгүй анхаарах бүс
Бүс нутаг дахь байр сууриа нэмэгдүүлэхийн тулд “Fortuna Mining” компани “Barrick Mining” болон “IAMGOLD”-оос “Bambadji” төслийг худалдан авчээ. Зарим тоног төхөөрөмжөө эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэрээс өмнө захиалж байна. Чадварлаг ажилтан, тоног төхөөрөмж болон эрчим хүчний үүсгүүрийн төлөөх өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь уурхайн төслүүдийн хугацаа, зардалд нөлөөлөх эрсдэл болов.

Баруун Африк хэдийгээр геополитикийн эрсдэл өндөр ч алт, бусад үнэт металлын салбарын компаниудын зайлшгүй анхаарах бүс болж байгааг шинжээчид онцолж байна.
“Хэрэв үнэт металлын салбарт жинтэй тоглогч болохыг хүсвэл Баруун Африкт байх хэрэгтэй” хэмээн “Fortuna Mining” компанийн гүйцэтгэх захирал Хорхе Ганоса хэлжээ. Түүний тайлбарласнаар тус бүс нутгийн гол давуу тал нь ашигт малтмалын нөөцөөс гадна уурхайн зөвшөөрөл авах, төслийг бүтээн байгуулалтын шатанд хүргэх хурд юм.
Геополитикийн эрсдэл өндөр хэдий ч төслийн хөгжүүлэлтийг бусад бүсээс хурдан ахиулах боломж нь хөрөнгө оруулагчдад тодорхой өгөөж санал болгодог гэж тэр үзэж байна.
“Fortuna Mining” одоогоор Баруун Африкт болон Латин Америкт хоёр уурхай ажиллуулдаг. Компанийн стратеги нь хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөх үед капиталаа бүс нутгуудын хооронд шилжүүлж, илүү таатай боломж нээгдэж буй зах зээлд багцаа тэнцвэржүүлэхэд чиглэжээ.
Баруун Африк дахь байр сууриа өргөжүүлэх хүрээнд “Fortuna Mining” уул уурхайн “Barrick Mining” болон “IAMGOLD” компаниудаас “Bambadji” төслийг худалдан авсан байна.
Ажиллах хүч, тоног төхөөрөмж гол эрсдэл болж байна
“Bambadji” төслийн хөгжүүлэлтийн эрсдэлийн талаар Ганоса аюулгүй байдлаас илүүтэй чадварлаг ажилтан болон тоног төхөөрөмжийн төлөөх өрсөлдөөнийг онцолжээ.
Уул уурхайн төслүүд зэрэг урагшилж байгаа нөхцөлд инженер, техникийн ажилтан болон гол тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хүрэлцэхгүй болох эрсдэлтэй. Нийлүүлэгчид томоохон захиалагчдыг түрүүлж хангах хандлагатай байдаг тул илүү өндөр үнэ санал болгосон ч тоног төхөөрөмжийг хугацаанд нь авах баталгаа болохгүй гэж тэр тайлбарлав.
“Fortuna Mining” ашиглалтын зөвшөөрлөө хүлээж байгаа ч төслийн хугацааг алдахгүйн тулд зарим гол тоног төхөөрөмжийн худалдан авалтыг аль хэдийн эхлүүлжээ.
“Бид ашиглалтын зөвшөөрөл хүлээж байгаа ч эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр гарахаас өмнө тоног төхөөрөмж авч, мөнгөө эрсдэлд оруулж байна” гэж Ганоса хэлсэн байна.
Ийм урьдчилсан худалдан авалт нь төслийг хурдан эхлүүлэх боломж нэмэгдүүлэх боловч зөвшөөрөл, санхүүжилтийн эцсийн шийдвэр гарахаас өмнө компанийн хөрөнгийг эрсдэлд оруулдаг.
Дата төвүүд уурхайн тоног төхөөрөмжийн эрэлтэд нөлөөлж байна
Хангамжийн хамгийн хүндрэлтэй хэсгийн нэг нь эрчим хүчний үүсгүүр болж байгааг Ганоса онцлов. Гэхдээ түүний хэлснээр эрэлтийг уул уурхайн салбар бус, дэлхий даяар хурдацтай нэмэгдэж буй өгөгдлийн төвүүд голлон хөдөлгөж байна.
Өгөгдлийн төвүүдийн эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр цахилгаан үүсгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн захиалга нэмэгдэж, уурхайн компаниуд технологийн салбарын томоохон хөрөнгө оруулагчидтай ижил нийлүүлэлтийн сүлжээнд өрсөлдөх болжээ.
Ингэснээр Баруун Африк уурхайн зөвшөөрөл, бүтээн байгуулалтын хурдаар давуу хэвээр байгаа ч чадварлаг ажилтан, тоног төхөөрөмж болон эрчим хүчний дэд бүтцийн хүртээмж нь төслийн хугацаа, хөрөнгө оруулалтын зардлыг тодорхойлох чухал хүчин зүйл болж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





