Б.Энх-Оргил түүх бүтээх үү: Дэлхийн аваргын хоёр дахь бүсийн төлөө Хятадын тулаанчтай нударга зөрүүлнэ
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил арванхоёрдугаар сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотод болох “ONE 174: Shanghai” тэмцээний гол тулаанд оролцоно.

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил ирэх сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотын “Shanghai Indoor Stadium”-д болох “ONE 174: Shanghai” тэмцээний гол тулаанд эзэн орны тамирчин Тан Кайтай өрсөлдөхөөр болсныг “ONE Championship” холбоо албан ёсоор зарлажээ.
Ийнхүү тэрбээр хагас хөнгөн жинд дэлхийн аваргын хоёр дахь бүсийнхээ төлөө тулалдахаар зэхэж байна. Ялалт байгуулбал ММА-ийн хоёр өөр жинд аваргын бүс хүртсэн анхны Монгол тамирчин болох юм.
Түүний өрсөлдөгч Тан Кай 2022 онд Тхань Лег ялж, “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга болж байжээ. Улмаар 2024 онд Тхань Летэй дахин тулалдаж, аваргын бүсээ хамгаалсан бол өнгөрсөн тавдугаар сард Шамил Гасановыг дөрөвдүгээр үед ялж, цолоо хадгалсан байна.
Өдгөө 30 настай Тан Кай мэргэжлийн замналдаа 20 ялалт байгуулж, гурван ялагдал хүлээн 16 тулаанд өрсөлдөгчөө нокаутаар ялсан бөгөөд энэ удаа эх орондоо дэлхийн аваргын бүсээ хамгаалахаар бэлтгэж байна.
Харин Б.Энх-Оргил 2025 оны арванхоёрдугаар сард Бразилын тамирчин Фабрисио Андрадег дөрөвдүгээр үед боох мэхээр ялж, бантам жингийн дэлхийн аварга болсон. Гэвч өнгөрсөн долоодугаар сарын 31-нд болсон дэлхийн аваргын бүсээ хамгаалах анхны тулаанд Эльбек Алышовт хоёрдугаар үед техникийн нокаутаар ялагдаж, бүсээ алджээ.
Б.Энх-Оргил “ONE Championship” холбоонд хийсэн эхний долоон тулааныхаа зургаад нь ялалт байгуулж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрх авч байсан юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





