BlackRock FMA Монголын төрийн өмчит компаниудын шинэчлэлд зөвлөх боломжийг судална
Төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгийг зах зээлд санал болгох боломжийг судална. Хамтын ажиллагаа одоогоор санамж бичгийн шатанд байгаа бөгөөд IPO хийх эцсийн шийдвэр гараагүй. Хөрөнгийн зах зээлээр дамжуулан төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах боломжтой.

Монгол Улсын Засгийн газар дэлхийн томоохон хөрөнгийн удирдлагын компани BlackRock-ийн санхүүгийн зах зээлийн зөвлөх нэгж болох BlackRock Financial Markets Advisory буюу BlackRock FMA-тай төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Монголын төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгийг багцлан дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд санал болгох боломжийн талаар талууд мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны хүрээг судлахаар болжээ.
Энэ нь төрийн өмчит компаниудыг шууд хувьчлах эсвэл IPO хийх шийдвэр гарсан гэсэн үг биш. Одоогийн байдлаар талууд боломжит хувилбаруудыг судлах санамж бичиг байгуулсан шатанд байгаа юм.
Гэхдээ бодит хэлцэлд шилжсэн тохиолдолд Монголын хөрөнгийн зах зээлд томоохон өөрчлөлт авчрах боломжтой. Төрийн өмчит том компаниудын хувьцааны тодорхой хэсгийг олон нийтэд санал болговол Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвх болон дотоодын хөрөнгө оруулагчдын сонголтыг нэмэгдүүлэх боломжтой.
Нөгөө талд олон улсын зах зээлд хувьцаа санал болгохын тулд компаниуд санхүүгийн тайлагнал, засаглал, ил тод байдал болон хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцэх шаардлагатай болно. Иймээс энэ хамтын ажиллагааны бодит үр нөлөө нь ямар компаниуд хамрагдах, хэдэн хувийн хувьцааг ямар зах зээлээр санал болгохоос шалтгаалах юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





