"Bloom Energy"-ийн опционы идэвх огцом нэмэгдэж, уламжлалт эрчим хүчний өсөлтөд болгоомжлол давамгайллаа
Түүхий нефтийн ханш 90 ам.доллароос давж, S&P 500 индексийн эрчим хүчний хувьцаанууд 52 долоо хоногийн дээд түвшинд ойртов. Түлшний элемент систем үйлдвэрлэгч “Bloom Energy”-ийн опционы арилжаа мягмар гарагт 30 хоногийн дунджаас 2.5 дахин нэмэгджээ. Хөрөнгө оруулагчдын анхаарал нефть, уламжлалт эрчим хүчнээс илүү хиймэл оюун, дата төвийн эрэлттэй холбоотой компаниуд руу шилжиж байна.

Түүхий газрын тосны ханш 90 ам.долларыг давж, S&P 500 индексийн эрчим хүчний салбарын хувьцаанууд 52 долоо хоногийн дээд түвшинд ойртсон ч опционы зах зээл дээрх арилжаа нийт салбарын өсөлтийг дагасангүй.
Энэ онд S&P 500 индексийн хамгийн өндөр өгөөжтэй салбаруудын нэг хэвээр байгаа эрчим хүчний бүлэгт худалдаачид хамгаалалтын байр сууриа хадгалж байгаа бол түлшний элемент бүхий систем үйлдвэрлэгч “Bloom Energy” компани илүү хүчтэй өсөлтийн бооцоо татаж эхэлжээ.
“Bloom Energy”-ийн опционы арилжаа эрчимжив
“Chicago Board Options Exchange”-ийн “LiveVol” болон опционы зах зээлийн мэдээллийн “SpotGamma”-гийн тооцоогоор “Bloom Energy”-ийн опционы арилжааны хэмжээ мягмар гарагт 30 хоногийн дунджаас 2.5 дахин өндөр байв. Тухайн өдөр компанийн хувьцааны ханш 10 гаруй хувиар өсчээ.
Үд гэхэд тус компанийн опционы нийт шимтгэлийн хэмжээ бараг 500 сая ам.долларт хүрэю. Харьцуулбал, “SpaceX”-тэй холбоотой опционы арилжаа 350 сая ам.доллар, нефть боловсруулах “Valero Energy”-ийнх 25 сая орчим ам.доллар байв.
“Bloom Energy”-ийн хувьцааны ханш сүүлийн нэг долоо хоногт 30 гаруй хувиар өсч, долоодугаар сарын сүүлчээр санхүүгийн тайлангаа танилцуулснаас хойш бараг 70 хувиар нэмэгджээ. Энэ нь сүүлийн гурван жилийн өсөлт 1,800 хувьд хүрсэн гэсэн үг юм.
“ThinkOrSwim”-ийн мэдээллээр, “Bloom Energy”-ийн далд хэлбэлзэл 90 хувиас давсан нь эрчим хүчний салбарын хувьцаанууд дундаас хамгийн өндөр үзүүлэлт юм. “Valero Energy”-ийнх 50 орчим хувь, газрын тос, байгалийн хийн “ExxonMobil”-ийнх 30 орчим хувьтай байна.
Call опционы эрэлт давамгайлсан нь өсөлтийн хүлээлтийг харуулж байгаа ч богино хугацаанд ийм өндөр босготой гэрээнүүд төвлөрсөн нь зах зээл нэмэлт өсөлтийг аль хэдийн өндөр үнээр тооцож эхэлснийг мөн илтгэж байна.
“Bloom Energy”-ийн сонирхлыг нэмэгдүүлсэн өөр нэг хүчин зүйл нь индексийн өөрчлөлттэй холбоотой. Индексийн үйлчилгээ үзүүлэгч “S&P Dow Jones Indices” өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус компанийг есдүгээр сарын 21-нээс S&P 500 индекст багтаана гэж зарласан.
“UBS”-ийн шинжээч Манава Гуптагийн мэдээлснээр “Bloom Energy” нь 2022 оноос хойш S&P 500 индекст шинээр нэмэгдэж буй анхны эрчим хүчний салбарын хувьцаа болох юм. Үүний зэрэгцээ “Bloom Energy”-ийн бизнес дата төв, хиймэл оюуны дэд бүтцийн эрчим хүчний хэрэгцээтэй холбогдож байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг уламжлалт нефть, байгалийн хийн компаниудаас өөр чиглэлд татаж байна.
Эрчим хүчний зах зээл дээр хамгаалалтын байр суурь хэвээр
Уламжлалт эрчим хүчний активууд дээрх опционы арилжаа илүү холимог байлаа. АНУ-ын түүхий нефтийн ханшийг дагадаг “U.S. Oil Fund” буюу USO сангийн опционы хэмжээ 30 хоногийн дунджаас 50 хувиар өндөр байж, нийт 90 сая ам.долларын арилжаа хийгджээ.
“SpotGamma”-гийн тооцоогоор USO дээр өсөлтөд бооцоо тавьдаг call опционтой ойролцоо тооны бууралтаас ашиг олох эсвэл хамгаалуулах опцион худалдан авсан байна. Хамгийн их арилжсан гурван гэрээ бүгд "put" төрлийнх аж.
S&P 500 индексийн эрчим хүчний салбарыг дагадаг “Energy Select Sector SPDR ETF” буюу XLE дээр ойролцоогоор 48 мянган "call", 34 мянган "put" опцион худалдан авсан гэж тооцоолжээ. Нийт 37 сая ам.долларын опционы шимтгэлийн 31 сая ам.доллар нь "call" төрлийн гэрээнд төвлөрсөн ч хамгийн идэвхтэй таван гэрээний гурав нь "put" байна.
Опционы урсгалын уг зураглал нь түүхий нефтийн ханш өсч байгаа ч хөрөнгө оруулагчид уламжлалт эрчим хүчний салбарт эрсдэлээс хамгаалсан байр сууриа бүрэн орхиогүйг харуулж байна.
Холбоотой мэдээ

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна
Тус компани найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 3,323 дэд станц, шугам тоноглолыг засварлаж байна. Засвар, хөрөнгө оруулалтын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хужирбулан, Гачуурт орчмын цахилгаан хангамжийг сайжруулах шугамын өргөтгөл үргэлжилж байна.

Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна
Наймдугаар сарын 17-31-нд 200 гаруй хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тэдгээрийн 90 гаруй хувь нь шаардлага хангасан байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн 84 сургуульд 64 чиглэлээр 67 автобус сурагч тээвэрлэж байна.

Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ
Улаанбаатар хот түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүртээмж, сургуулийн хүчин чадал, авто замын сүлжээг зэрэг сайжруулахаар төлөвлөжээ. Судалгаагаар гэрээсээ 400 метрийн дотор автобусны буудалд очдог иргэд нийтийн тээврийг сонгох магадлал өндөр. Улаанбаатарын иргэдийн 56 хувь нь ажил, хичээлдээ хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог.

УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ
Дорноговь аймаг дахь 39 дүгээр зөрлөг болон Сайншанд өртөөний хооронд байрлах 875-р км-ийн гармыг шинэчилжээ. 24 цагийн жижүүрийн зохицуулалттайгаар байнгын ашиглалтад оруулсан байна. Тус гармаар орон нутгийн суудлын автомашинаас гадна хүнд даацын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог.