Costco моторын тосны худалдан авалтад хязгаар тогтоож, үнийг өсгөсөн нь нийлүүлэлтийн эрсдэл хурцадсаныг илтгэлээ
Хямдралтай бөөнөөр борлуулалтаараа танигдсан Costco моторын тосны худалдан авалтад хязгаар тогтоож, үнийг өсгөв. Costco-ийн сайтад Kirkland Signature synthetic тосыг гишүүнчлэлээр долоо хоногт хоёр ширхэг, нэг удаагийн гүйлгээгээр хязгаарлаж, үнэ 57.99 ам.доллар болсон. Түүхий нефтийн үнийн өсөлт, нийлүүлэлт чангарах хандлага үргэлжилбэл автомашины хэрэглээний тос, түлшний өртөг улам дарамт үүсгэнэ.

Costco моторын тосны нэг хэрэглэгчид ногдох худалдан авалтад хязгаар тогтоож, үнийг нэмсэн нь нийлүүлэлт чангарах эрсдэл бодитой байгааг илтгэж байна. Associated Press-ийн мэдээлснээр Kirkland Signature бүрэн synthetic моторын тос (5 квартын хоёр сав) дээр “гишүүнчлэл тутамд нэг гүйлгээ, 7 хоногт дээд тал нь хоёр ширхэг” гэсэн сануулга Costco-ийн сайтад байршуулжээ. Үүний зэрэгцээ уг бүтээгдэхүүний үнэ 57.99 ам.доллар болж өссөн байна.
Өмнөх ойролцоогоор 30 ам.долларын түвшнээс огцом нэмэгдсэнийг The Drive, The Auto Wire түрүүлж мэдээлсэн. Бөөний хямдралтай борлуулалтаараа танигдсан сүлжээ ийнхүү хязгаарлалт тавьж, үнэ өсгөсөн нь энгийн нэг бүтээгдэхүүний өөрчлөлтөөс даваад зах зээл дэх өртгийн дарамтыг илүү тод харуулж байна. Мөн онлайн худалдааны хувьд эрэлттэй тоснууд дээр нийлүүлэлтийн зохицуулалт хийж эхэлсэн зураглал гэж зах зээл ажиглагчид тайлбарлаж байна.
Costco-гийн өөрчлөлт дангаараа биш. Mobil 1 моторын тосны онлайн борлуулалтад мөн хязгаар тогтоож, гишүүнчлэл тутамд тав хүртэлх багцыг 43.99 ам.доллараар санал болгож байгаа талаар мэдээлэв. Ижил төрлийн бүтээгдэхүүнүүдэд хүрэлцээ, түгээлтийн асуудал хуримтлагдаж байгаа үед жижиглэнгийн худалдаачид ийм замаар нөөцөө хамгаалж, нэг хэрэглэгчид ногдох худалдан авалтыг хянах нь нэмэгдэх хандлагатай.
Энэ бүхний суурь шалтгаан нь түүхий нефтийн үнэтэй шууд холбогдож байна. Даваа гарагийн өглөө Brent сортын нефть баррель нь 109 ам.доллароос давж, өмнөх долоо хоногт 9 хувь өссөн бол West Texas Intermediate фьючерс 104 ам.доллароос давсан. Харин өдрийн хаалтаар Brent 105.68 ам.доллар, West Texas Intermediate 101.39 ам.долларт тус тус тогтворжсон нь хэлбэлзэл өндөр хэвээр байгааг харууллаа.
Нийлүүлэлтийн талд геополитикийн эрсдэл нэмэгдэж буйг мөн дурдсан байна. Мэдээлснээр Ойрх Дорнодын мөргөлдөөн сунжирч, Саудын Арабын Зүүн-Баруун чиглэлийн гол хоолой дрон халдлагад өртөн хаагдсан нь нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлжээ. Ийм нөхцөлд зах зээлд “эрсдэлийн үнэ” шингэж, нефтийн өртөг өсөх бүрд түүнтэй уялдсан шатахуун, тос тосолгооны бүтээгдэхүүний үнэ дагаж чангардаг.
Нөгөө талд, үйлдвэрлэлийн бүтэц өөрчлөгдөж байгаа нь synthetic тосны нийлүүлэлтэд нэмэлт дарамт үүсгэж байна. The Auto Wire болон Associated Press-ийн мэдээлснээр боловсруулагчид дизель, бензин зэрэг түлшийг давуу үйлдвэрлэх хандлага нэмэгдэж, base oil-ийн хүртээмж багассанаар synthetic тосны нийлүүлэлт хумигдаж болзошгүй байна. Хэрэв түүхий нефтийн үнийн өсөлт, нийлүүлэлт чангарах хандлага үргэлжилбэл автомашины хэрэглээний тос, түлшний өртөг хэрэглэгчдийн зардалд улам дарамт үүсгэх төлөвтэй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





