Д.Амодэй: Биологийн зэвсэг боловсруулахад хиймэл оюун ашиглахаас татгалзах хэрэгтэй
“OpenAI”, “Anthropic” компанийн удирдлагууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлсэн үгэндээ илүү хүчирхэг хиймэл оюуны системүүдийн эрсдэлийг бууруулахад улс орнуудын хамтын ажиллагаа шаардлагатай гэж…

“OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман болон “Anthropic” компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодэй нар лхагва гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлсэн үгэндээ хиймэл оюуны хүчирхэг системүүдийн эрсдэлийг нэг улсын хүрээнд бус олон улсын хамтын ажиллагаагаар зохицуулах шаардлагатайг онцлов.
С.Алтман хиймэл оюуны хөгжил сүүлийн саруудад эрчимжсэнээр технологийн боломж төдийгүй эрсдэл нь бодитоор нүүрлэж байгааг мөн онцолжээ. Тэрбээр хиймэл оюуны системүүд хүний хяналтад үлдэх ёстой бөгөөд технологийн хамгийн чухал шийдвэрүүдийг зөвхөн цөөн хэдэн компани гаргах бус, олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг Засгийн газрууд оролцох шаардлагатай гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Д.Амодэй ч мөн хиймэл оюуныг зохисгүй удирдвал “хүн төрөлхтөнд бүхэлд нь эрсдэл учруулж болзошгүй” гэж анхааруулаад шинэ загваруудын аюулгүй байдлыг шалгах олон улсын стандарт болон биологийн зэвсэг боловсруулахад хиймэл оюун ашиглахыг хориглох зэрэг хамтын зохицуулалтыг дэмжжээ.
Хөгжлийн хурдыг сааруулах санал
Амодэй энэ сарын 12-нд дэвшилтэт хиймэл оюуны загваруудын чадварыг нэмэгдүүлэх хурдыг зориудаар сааруулахыг салбарын компаниудад уриалсан. Түүний саналд аюулгүй ажиллагааг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулах, хиймэл оюуны тэргүүлэх компаниуд нэгдсэн стандарт тохирох, эрсдэлийг олон улсын түвшинд зохицуулах зэрэг арга хэмжээ багтжээ. Алтман үндсэн чиглэлтэй нь санал нийлж байгаагаа мөн илэрхийлэв.
Алтман НҮБ-д хэлсэн үгэндээ өрсөлдөгч улс орнууд ч хүчирхэг шинэ технологийн өмнө нийтлэг ашиг сонирхлын төлөө хамтран ажиллаж байсан түүхэн жишээг сануулж, хиймэл оюуны хөгжил ийм хамтын ажиллагаа шаардах мөчид ирсэн гэж үзэж байгаа юм.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд энэ сарын 22-нд АНУ хиймэл оюуныг хянах олон ургальч схем байгуулах аливаа оролдлогыг эсэргүүцнэ гэж мэдэгдээд технологийн өсөлтийг хязгаарлахгүй гэдгээ онцолсон. Түүний хэлснээр АНУ шаардлагатай тохиолдолд Хууль зүйн яам болон бусад байгууллагаар дамжуулан салбарт хяналт тавих боловч хиймэл оюуны хөгжлийг зориудаар сааруулах бодлого баримтлахгүй гэж хэлсэн байна.
Ингэснээр хиймэл оюуны аюулгүй байдлын стандартыг олон улсын түвшинд хэр хатуу тогтоох, технологийн хөгжлийн хурдыг сааруулах эсэх асуудлаар салбарын зарим тэргүүлэх компани болон АНУ-ын засаг захиргааны байр суурийн ялгаа тодорч байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





