Эмэгтэйчүүдийн спортын амжилт спорт-баарны зах зээлийг тэлж байна
Эмэгтэйчүүдийн спортын үзэгч, сурталчилгааны зах зээл тэлэхийн хэрээр зөвхөн эмэгтэйчүүдийн тэмцээн үзүүлдэг спорт-баар АНУ-д эрчимтэй нэмэгдэж байна.

WNBA-гийн плей-оффын хагас шигшээ үргэлжилж буй энэ үед эмэгтэйчүүдийн спортын өсөлт телевизийн үзэлт, тасалбарын борлуулалтаас хальж, үйлчилгээний шинэ зах зээл бий болгож байна. АНУ-д эмэгтэйчүүдийн спортыг гол контентоо болгосон уушийн газар олширч, брэндүүд ч сурталчилгаа, ивээн тэтгэлгийн төсвөө энэ чиглэлд нэмэгдүүлж эхэлжээ.
“Nielsen”-ийн мэдээллээр эмэгтэйчүүдийн спортод чиглэсэн зар сурталчилгааны зардал 2022 оноос хойш 120 хувиар нэмэгдсэн байна. “Deloitte” энэ онд эмэгтэйчүүдийн спорт дэлхий даяар ойролцоогоор 3 тэрбум ам.долларын орлого бүрдүүлнэ гэж тооцсон нь үзэгчдийн өсөлтийг бизнес болгон хувиргах боломж нэмэгдэж буйг харуулав.
Фенүүдийн хэрэглээ тоглолтоос хальж байна
Эмэгтэй тамирчдын нэр хүнд өсөхийн хэрээр спортын бараа бүтээгдэхүүний эрэлт ч нэмэгдэж, спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч “Nike”-ийн гаргасан “Indiana Fever” багийн од Кэйтлин Кларкын анхны нэрийн пүүз “Caitlin 1” худалдаанд гарснаас хойш бараг хоёр хүрэхгүй цагийн дотор зарагдаж дуусчээ.
“Front Office Sports”-ийн мэдээлснээр АНУ-д одоо 27 спорт-баар ажиллаж байгаа нь 2025 оноос дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.
Гэхдээ ресторан, баарны зах зээлийн ерөнхий нөхцөл энэ өсөлтийг дагаж сайжирсангүй. “YouGov”-ийн судалгаагаар өнгөрсөн онд америкчуудын 37 хувь нь өмнөхөөсөө цөөн удаа гадуур хооллосон гэж хариулжээ. Үүн дээр томоохон спортын тэмцээнүүдийг арилжааны зориулалтаар үзүүлэх лицензийн төлбөр жилд 1,100 ам.доллароос эхэлж, зарим тохиолдолд 300 мянган ам.доллароос давдаг нь спортын контентод түшиглэсэн бизнесийн зардлыг өсгөж байна.
27 мянган ам.долларын хуримтлалаас үндэсний франчайз хүртэл...
Шинэ давалгааны хамгийн их анхаарал татсан бизнесүүдийн нэг нь эмэгтэйчүүдийн спортод төвлөрсөн “The Sports Bra” юм.
Үүсгэн байгуулагч Женни Нгуен 2022 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Портланд хотод бизнесээ эхлүүлэхдээ өөрийн 27 мянган ам.долларын хуримтлалыг зарцуулжээ. Тухайн үед хэрэглэгчид уг санааг хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй байсан ч эмэгтэйчүүдийн спортод зориулсан орон зай зах зээлд хэрэгтэй гэж үзсэнээ тэр CNBC-д ярьсан байна.
“The Sports Bra” эхний найман сарын хугацаанд бараг нэг сая ам.долларын орлого олж, ашигтай ажиллажээ. Нгуены хэлснээр түүнээс хойших жилүүдэд ч жилийн орлого нь нэг сая ам.доллароос давсан байна.
Амжилтаа үндэсний хэмжээнд тэлэхийн тулд “The Sports Bra” тавдугаар сарын 18-нд олон нийтийн санхүүжилт эхлүүлж, хоёр сарын дотор 1,400 гаруй хөрөнгө оруулагчаас ойролцоогоор 1.24 сая ам.доллар босгожээ.
Гэвч өргөтгөлийн шатанд санхүүгийн үзүүлэлт сулрав. АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд наймдугаар сарын 6-нд хүргүүлсэн тайлангаар “The Sports Bra”-ийн 2025 оны орлого 1.02 сая ам.доллар болж, өмнөх оноос 18 хувиар буурсан байна. Тус бизнес 2024 оноос хойш бүтэн жилийн дүнгээр ашигтай ажиллаагүй гэсэн үг юм.
40 салбар, 75 сая ам.долларын зорилт
“The Sports Bra” 2024 оны дөрөвдүгээр сард “Reddit”-ийг хамтран үүсгэн байгуулагч Алексис Оханьяны “776 Foundation”-тай хөрөнгө оруулалтын түншлэл байгуулж, франчайзын сүлжээ байгуулахаа зарласан.
Одоогоор Бостон, Лас Вегас, Индианаполис, Сент-Луис болон Портланд, Мэйнд эхний франчайз эзэмшигчдээ сонгоод байна. Нгуен дөрвөн жилийн дотор 40 салбартай болж, сүлжээний жилийн орлогыг 75 сая ам.долларт хүргэх боломжтой гэж тооцсон ч уг зорилтоо хамгийн өөдрөг хувилбар гэж тодорхойлжээ.
Салбаруудын нээлт зөвшөөрөл авах хугацаа, гал тогооны тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон барилгын ажил сунжирснаас шалтгаалан хойшлоод байна. Нгуены үзэж буйгаар эхний таван салбарын гүйцэтгэл нь цаашдын өргөтгөлийн хурдыг тодорхойлох гол шалгуур болох юм.
Эмэгтэйчүүдийн спортын үзэгч, зар сурталчилгаа болон бараа бүтээгдэхүүний зах зээл хурдтай тэлж байгаа ч “The Sports Bra”-гийн туршлага эрэлт нэмэгдэх нь өөрөө ашигтай франчайзын сүлжээ бий болгоход хангалтгүйг харуулав. Шинээр бий болж буй спорт-баарнуудын дараагийн сорилт нь өсөн нэмэгдэж буй сонирхлыг тогтвортой орлого, ашигтай үйл ажиллагаа болгон хувиргах явдал аж.
Холбоотой мэдээ

Advanced Navigation America Алабамад үйлдвэрлэлээ тэлж, уул уурхайн өндөр нарийвчлалтай чиглүүлэлтийн технологи үйлдвэрлэнэ
Advanced Navigation America Алабамагийн Хантсвилл хотод үйлдвэрлэлээ тэлж, уурхайд автономит ажиллагааг дэмжих технологио нэмэгдүүлнэ. Series C санхүүжилтээр 110 сая ам.

Starbucks Corp-ын Шиньжян дахь дэлгүүрүүд АНУ-ын улс төрийн шүүмжлэлийг өдөөв
Starbucks Corp Шиньжянд дэлгүүр нээснээр АНУ-Хятадын хурцадмал үед нэр хүндийн эрсдэлээ дахин нэмэгдүүллээ Тус компани дөрөвдүгээр сард Starbucks China дахь 60 хувийн хяналтын багцыг Boyu Capital-д…

TNT Sports-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Луис Зильбервассэр нэгдэж буй Paramount Skydance-Warner Bros. Discovery-гээс явна
TNT Sports-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Луис Зильбервассэр удахгүй нэгтгэгдэх Paramount Skydance-Warner Bros. Discovery-гээс явж байна.

Groq-ийн хуучин инженерүүд Nvidia-ийн хэлцэл хувьцаа эзэмшигчдийг шахсан гэж Делавэрт шүүхэд нэхэмжлэл гаргав
Groq-ийн хуучин ажилтнууд Nvidia-ийн хөрөнгө худалдан авах хэлцэл хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн гэж мэдэгдлээ Нэхэмжлэлд хэлцлийн дүн 20 тэрбум ам.доллар бөгөөд санал хураалтгүй, 17 тэрбум ам.

Paramount Skydance ба Warner Bros. Discovery нэгдлийн өмнөхөн шинэ удирдлагын багаа зарлаж, мэдээний нэгжүүдийн чиглэл тодров
Paramount Skydance болон Warner Bros. Discovery нэгдэл хаагдахын өмнө удирдлагын бүрэлдэхүүнээ танилцуулж, бүтцийн өөрчлөлтөд анхаарал татлаа Хоёрдугаар сард ойролцоогоор 110 тэрбум ам.

Rio Tinto, Founders Factory хоёр уул уурхайн технологийн акселератороор таван стартапт хөрөнгө оруулна
Rio Tinto, Founders Factory хоёр эрдэс илрүүлэлт, уурхайн аюулгүй байдал, боловсруулалтыг сайжруулах стартапуудыг дэмжинэ.