Энэтхэгийн эдийн засгийн бодитоор өссөн үү: Статистикийн аргачлал хэл ам дагуулав
Энэтхэгийн эдийн засгийн хурдтай өсөлтөд эргэлзэх хүн олон байна. Тухайлбал, 2025 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарын одоогийн үнээрх ДНБ-ийг 6 их наяд рупи буюу 63.5 тэрбум ам.доллароор бууруулжээ. Маргаан үргэлжилбэл өгөгдлийн найдвартай байдал, хөрөнгө оруулалт ба бодлогын харилцаанд эрсдэл нэмэгдэнэ.

Энэтхэгийн эхний хагас жилийн эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан ч зах зээлийн анхаарал өсөлтийн хэмжээнээс илүү ДНБ-ий тооцооллын аргачлал, өмнөх оны өгөгдөлд хийсэн засварт төвлөрч байна. Шүүмжлэгчид өмнөх оны харьцуулах суурийг бууруулснаар одоогийн өсөлтийн үзүүлэлт илүү өндөр гарсан гэж үзэж байгаа бол Засгийн газрын эдийн засгийн зөвлөхүүд уг тайлбарыг няцаав.
Маргааны төвд 2017-оос 2019 онд Энэтхэгийн Сангийн яамны санхүүгийн нарийн бичгийн даргаар ажилласан Субхаш Чандра Гаргийн шүүмжлэл оржээ. Түүний тооцоолсноор өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын өмнөх оны одоогийн үнээрх ДНБ-ий хэмжээг 6 их наяд рупи буюу 63.5 тэрбум ам.доллароор бууруулсан нь жилийн өсөлтийн хувийг өсгөх суурь болсон байна.
Гарг CNBC-д өгсөн ярилцлагадаа өмнөх оны ДНБ-ий үнэлгээг ийм хэмжээгээр бууруулахад “үйлдвэрлэлээс яг юу хасагдсан бэ” гэж асууж, засварлах эдийн засгийн үндэслэлийг илүү тодорхой тайлбарлах шаардлагатайг онцлов.
Харин Энэтхэгийн эдийн засгийн зөвлөх В. Ананта Нагешваран уг шүүмжлэлийг өгөгдлийг сонгон ашигласан “cherry-picking” хандлага гэж тодорхойлжээ. Түүний тайлбарласнаар 2023 оны гуравдугаар сараар дууссан санхүүгийн жилийг шинэ суурь он болгосноор өмнөх улирлуудын тоог дахин тооцох нь статистикийн хэвийн үйл явц бөгөөд зарим улирлын үзүүлэлт өсч, заримынх нь буурах боломжтой гэжээ.
ДНБ-ий тооцооллын бүтэц эргэлзээ дагуулж байна
Олон улсын валютын сан одоогийн маргааны талаар байр суурь илэрхийлээгүй байна. Гэхдээ тус байгууллага өмнөх үнэлгээндээ Энэтхэгийн статистикийн өгөгдлийн нарийвчлалд “C” үнэлгээ өгч байсан нь ДНБ-ий тооцооны чанарын талаарх өмнөх эргэлзээг дахин сөхөв.
Эрсдэлийн судалгааны “Verisk Maplecroft” компанийн Азийн судалгааны тэргүүн Рийма Бхаттачарья Энэтхэгийн ДНБ-ий тооцоо албан секторын компаниудын мэдээлэлд ихээхэн тулгуурладаг бол эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлдэг албан бус салбарын үйл ажиллагааг тооцооллын аргаар үнэлдэг гэж CNBC-д тайлбарлав.
Ийм бүтэц нь нэг удаагийн статистикийн засвараас илүү өргөн хүрээний асуудал бөгөөд эдийн засгийн бодит идэвхжилийг хэмжихэд хүндрэл үүсгэдэг гэж тэр үзэж байна.
Өсөлтийн төлөв эерэг хэвээр
Статистикийн маргаан өрнөж байгаа ч зах зээлийн эдийн засагчид Энэтхэгийн бодит өсөлтийг бүхэлд нь үгүйсгээгүй байна. “Standard Chartered Bank”-ийн Энэтхэгийн эдийн засгийн судалгааны тэргүүн Анубхути Сахай өндөр давтамжийн эдийн засгийн үзүүлэлтүүд ерөнхийдөө тогтвортой байгааг тэмдэглэсэн ч ажил эрхлэлт болон Эль Ниньотой холбоотой эрсдэлүүдийг онцолжээ.
АНУ-ын хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” болон санхүүгийн “Citi” компаниуд ирэх оны гуравдугаар сараар дуусах 12 сарын хугацаанд Энэтхэгийн эдийн засаг 7.3 хувиар өснө гэж тооцоолж байна.
Харин “Great Lakes Institute of Management Chennai”-ийн эдийн засагч Жайдийп Мукержи тухайн улирлын өсөлтийг хөрөнгө оруулалт болон экспортын огцом нэмэгдэл голлон дэмжсэн ч геополитикийн эрсдэл өндөр орчинд ийм хурд тогтвортой үргэлжлэх эсэх нь тодорхойгүйг анхааруулжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





