Газрын тосны эрэл хайгуул, олборлолтыг Дотоодын цэргийн хамгаалалтад авна
Ерөнхий сайд газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авч, холбогдох шийдвэрийг албажуулах үүрэг өглөө. Монгол Улс түлш, шатахууны импортод жил бүр $2.2 тэрбум зарцуулдаг ба дотоодын олборлолтыг өсгөн валютын гадагшлах урсгалыг бууруулахаар зорьж буй. Эрэл хайгуул, олборлолтын тасралтгүй ажиллагааг хангах нь үйлдвэрийг дотоодын түүхий эдээр хангах, импортын хамаарлыг бууруулахад чухал гэж үзжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг холбогдох сайд нарт өглөө. Уг зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, албажуулан хэрэгжүүлэхийг мөн даалгасан байна.
Монгол Улс түлш, шатахууны хэрэгцээгээ импортоор хангахад жил бүр 2.2 тэрбум ам.доллар зарцуулдаг гэж Ерөнхий сайд мэдээлэв. Тэрбээр валютын гадагшлах урсгалыг бууруулахын тулд дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлж, түлшний импортын хамаарлыг багасгах шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахын зэрэгцээ дотоодын түүхий эдийн тогтвортой хангамж бүрдүүлэхийг үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлын асуудал гэж Засгийн газар үзэж байна.
Ерөнхий сайдын хэлснээр газрын тосны эрэл хайгуул, олборлолт хуулийн хүрээнд хэвийн, тасралтгүй үргэлжлэх шаардлагатай. Иймээс олборлолтын үйл ажиллагаанд саад учруулж буй нөхцөлд хяналт тавьж, Дотоодын цэргийн хамгаалалтад авах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газар мөн газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагаа явуулах тогтвортой орчин бүрдүүлэхэд анхаарч байгааг Ерөнхий сайд дурдсан байна. Эрэл хайгуул, олборлолтын ажил тогтвортой үргэлжилснээр газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





