Германы «Gen Z» жагсаал Франкфуртад дээрэм тонуулд хувирч, үймээн Швейцарьт ч гарав
Бямба гарагийн залуучуудын жагсаалын дараа Франкфуртад дэлгүүрүүдийг тонож, бууны дэлгүүрт халдсан бөгөөд Берлин, Гамбург, Кёльн, Цюрих, Базельд ч мөргөлдөөн гарчээ.

Германд бямба гарагт болсон «Gen Z regelt» залуучуудын жагсаал өдрийн цагаар ихэвчлэн тайван өрнөсөн ч орой болоход хэд хэдэн хотод хүчирхийлэл, дээрэм тонуулд хувирлаа.
Франкфурт: дэлгүүр тонуулж, бууны дэлгүүрт халдав
Франкфуртад цагдаагийн тооцоогоор 8,000 орчим хүн (зохион байгуулагчдын хэлснээр 10,000) голдуу тайван жагссан. Гэвч жагсаал тарсны дараа хотын төвийн Зейл худалдааны гудамжинд дэлгүүрүүдийн шилийг хагалж, барааг нь тоножээ. Tagesschau, Hessenschau-гийн мэдээлснээр, бууны дэлгүүрт халдсан тул цагдаа газар дээр нь хоёр зэвсэг хураан авч, хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Цагдаа нийтдээ 30 гаруй хүнийг түр саатуулсан бөгөөд мянга гаруй алба хаагч, усан буу, хуягт машин, нисдэг тэрэг, дрон ашигласан аж. Шөнийн 3 цагийн орчим нөхцөл байдал намжсан ч эд хөрөнгийн хохирол их байгааг цагдаа мэдэгдэв.
Берлин, Гамбург, Кёльнд ч мөргөлдөөн гарчээ
Euronews-ийн мэдээлснээр, Берлинд 3,500 орчим хүн оролцсон жагсаалын үеэр 27 цагдаа хөнгөн гэмтэж, 60 орчим хүнийг баривчилжээ. Гамбургт шатаж буй хаалт босгон, цагдаа руу чулуу, шил, пиротехник шидэж, 120 орчим хүнийг түр саатуулсан байна. Кёльнд жагсаалыг үдээс хойш 4 цагийн орчим зогсоосны дараа цагдаа руу халдсан тул усан буу хэрэглэжээ.
Дотоод хэргийн сайд Александр Добриндт үймээнийг «зүүний бүлэглэлүүд болон цагаач гаралтай үймээн дэгдээгчид»-тэй холбож, оролцогчдод хатуу шийтгэл ногдуулахыг уриалав. Харин «Gen Z regelt» санаачилга «жагсаал дууссаны дараа болсон үйл явдалд бидэнд нөлөөлөх боломж байгаагүй» гэж мэдэгдэж, аливаа хүчирхийллээс өөрийгөө холдуулжээ. Тэд арваннэгдүгээр сарын 20-нд болох Европ даяарх жагсаалд нэгдэхээ мэдэгдсэн.
Швейцарьт ч үймээн гарав
Швейцарийн Цюрих, Базель хотод залуучуудын бүлэг хаалт босгож, гал тавин, дэлгүүрийн шил хагалсан бөгөөд нэг өсвөр насны хүүхэд хүнд гэмтсэн гэж мэдээлж байна.
Жагсагчид боловсролын санхүүжилтийн хомсдол, амьжиргааны өртөг өсөж буй, төсвийн таналт, цэргийн алба зэрэгт эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Энэ жагсаалын тухай өмнөх мэдээ.
X дээрх хариу үйлдэл
🚨 Германд жагсагчид бууны дэлгүүрийг дээрэмджээ — AFP Франкфурт хотод болсон залуучуудын олон нийтийн эсэргүүцэл хүчирхийллийн үймээн самуун болж хувирав.
X дээр үзэхҮймээн самуун Швейцар улс руу ч мөн тархжээ. Үймээн дэгдээгчид цагдаа руу халдаж, хаалт босгон, гал тавьж байна.
1 хариултыг X дээр уншихШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ




