“Green Manganese Technologies” олон металлыг нэг үйлдлээр ялгах туршилтын дүнгээ танилцуулав
Патентжуулсан технологи нь олон төрлийн металл агуулсан түүхий эдийг нэгдсэн үйл ажиллагаагаар боловсруулахад чиглэжээ. Уг арга нь хайлуулах зуух, электролиз болон уламжлалт боловсруулалтын хэд хэдэн үе шатыг алгасах боломжтой. Туршилтын нөхцөлд эрчим хүчний хэрэглээ уламжлалт хувилбартай харьцуулахад тав дахин багасчээ.

Чухал ашигт малтмалын боловсруулалтын технологи хөгжүүлдэг “Green Manganese Technologies” компани далайн ёроолын олон металлын зангилаанаас манган, никель, кобальт, зэсийг нэг гидрометаллургийн хэлхээгээр ялгах туршилтын үр дүнгээ танилцуулав.
Компанийн мэдээлснээр патентжуулсан технологи нь олон төрлийн металл агуулсан түүхий эдийг нэгдсэн үйл ажиллагаагаар боловсруулахад чиглэжээ. Уг арга нь "submerged arc furnace" буюу хайлуулах зуух, электролиз болон уламжлалт боловсруулалтын хэд хэдэн үе шатыг алгасах боломжтой гэж “Green Manganese Technologies” тайлбарласан байна.
Туршилтын нөхцөлд эрчим хүчний хэрэглээ уламжлалт хувилбартай харьцуулахад тав дахин бага, харин манган, никель, кобальт, зэсийн гарц 90 хувиас дээш байжээ. Эдгээр үзүүлэлт нь одоогоор компанийн туршилтын шатны үр дүн бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээнд ижил түвшинд хүрэх эсэхийг дараагийн шатны туршилтаар баталгаажуулах аж.
Технологийн үндсэн зарчим нь манганы эрдсийг сонгон уусгах үед бусад металлыг нэг уусмалд шилжүүлж, цааш нэг хэлхээнд ялгахад чиглэж байна. Төмрийн эрдсийг гематит болгон хувиргаснаар дараагийн боловсруулалтыг хялбарчилж, төмөр, титан болон газрын ховор элементээс нэмэлт бүтээгдэхүүн гаргах боломжтой гэж компани мөн үзэж байна.
“Green Manganese Technologies”-ийн гүйцэтгэх захирал Алексей Демыкин олон металлын зангилааны онцлог нь хэд хэдэн чухал металл нэг түүхий эдэд зэрэг агуулагддагт оршдог гэж тайлбарлав. Түүний хэлснээр манган, никель, кобальт, зэсийг нэг гидрометаллургийн хэлхээнд боловсруулах нь эрчим хүч их шаарддаг дулааны зарим үе шатыг алгасах боломж бүрдүүлж болох юм.
Компанийн дараагийн зорилт нь лабораторийн түвшинд гарсан үр дүнг шалгаж, үйл ажиллагааны техникийн болон эдийн засгийн боломжийг илүү өргөн хүрээнд үнэлэхэд чиглэж байна. Үүний зэрэгцээ “Green Manganese Technologies” технологио цаашид арилжааны хамтын ажиллагаанд ашиглах боломжийг судлахаар төлөвлөжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





