Хятадын “төмсний нийслэл” гэгдэх Өвөр Монголын Улаанцав хот өдгөө хиймэл оюуны дата төвийн бүс болжээ
Өвөр Монголын Улаанцав хотод сэрүүн уур амьсгал, харьцангуй хямд газар, эрчим хүчний нөөцийг түшиглэн хиймэл оюуны тооцоололд зориулсан дата төвүүд олноор баригдаж байна.

Олон жилийн турш Хятадын “төмсний нийслэл” гэгдэж ирсэн Өвөр Монголын Улаанцав хотын эдийн засгийн дүр зураг өөрчлөгдөж байна. Тариалангийн талбай, салхин сэнснүүдийн дунд хиймэл оюуны системүүдэд шаардлагатай асар их тооцооллыг боловсруулах дата төвүүд олноор байгуулагдах болжээ.
Улаанцавыг дата төвийн бүс болгон хөгжүүлэхэд сэрүүн, хуурай уур амьсгал, хүн амын сийрэг суурьшил, харьцангуй хямд газар болон салхи, нарны эрчим хүчний нөөц нөлөөлж буй. Сэрүүн орчин нь олон мянган серверийг хөргөхөд зарцуулах эрчим хүчийг бууруулах боломжтой.
Барилгын талбайн нэг ажилтан бүтээн байгуулалтын хурдыг “Хятадын хурд” хэмээн тодорхойлжээ. Тэнд ажилладаг цахилгааны инженерийн хэлснээр дата төвийг жил бүр үе шаттай өргөтгөж байгаа бөгөөд одоогоор хоёр дахь шатны ажил үргэлжилж байна. Цаашид ч шинэ үе шатууд нэмэгдэхээр төлөвлөжээ.
Тооцооллын хүчин чадал стратегийн дэд бүтэц болов
Улаанцавын бүтээн байгуулалт нь Хятад даяар өрнөж буй илүү том өөрчлөлтийн нэг хэсэг юм. “Huawei”, “ByteDance”, “DeepSeek” зэрэг технологийн компаниудын хэрэгцээг хангах дата төвүүд Өвөр Монгол төдийгүй Ниншя, Ганьсу, Гуйжоу зэрэг эрчим хүчний нөөц ихтэй бүсүүдэд төвлөрч байна.
Бээжин дата төв болон тооцооллын хүчин чадлыг эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал дэд бүтэц гэж үзэж, бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжиж буй. Хятад улс 2030 он гэхэд хиймэл оюуны хэрэглээг эдийн засаг, нийгмийн салбаруудын 90 хувьд хүргэх зорилт тавьсан нь сервер, цахилгаан эрчим хүч болон сүлжээний дэд бүтцийн эрэлтийг дагаад нэмэгдүүлж байна.
Тооцооллын хүчин чадлаа газарзүйн хувьд тараан байршуулах нь эрчим хүчний нөөц ихтэй баруун болон хойд бүсүүдийг зүүн эргийн технологийн төвүүдтэй холбох боломжийг мөн бүрдүүлнэ.
Дата төвүүдийн өсөлт ус, эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ
Хиймэл оюуны дэд бүтцийг хурдтай тэлэхэд байгалийн нөөцийн хязгаарлалт томоохон сорилт хэвээр байна. Дата төвүүд серверүүдийг ажиллуулах, хөргөхөд их хэмжээний цахилгаан болон ус шаарддаг. Өвөр Монгол шиг хуурай бүсэд усны хүртээмж онцгой ач холбогдолтой бөгөөд дата төвийн бүтээн байгуулалттай холбоотойгоор зарим тосгоныг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлжээ.
Эрчим хүчний эх үүсвэр ч анхаарал татаж байна. Улаанцав болон бусад дата төвийн бүсүүд салхи, нарны цахилгаан үйлдвэрлэх боломж өндөртэй ч зарим байгууламж нүүрсэнд суурилсан цахилгаан эрчим хүч хэрэглэсэн хэвээр байгаа аж.
Бээжин 2030 он гэхэд серверийн паркуудын дийлэнхийг ногоон эрчим хүчээр ажиллуулах зорилт тавьжээ. Иймээс хиймэл оюуны тооцооллын эрэлт хэр хурдтай өсөх, сэргээгдэх эрчим хүчний шинэ хүчин чадал уг хэрэглээг хэр хэмжээнд нөхөх нь Хятадын дата төвийн тэлэлтийн гол асуудлуудын нэг болж байна.
АНУ, Хятадын AI өрсөлдөөн дэд бүтэц рүү шилжив
Дата төвийн бүтээн байгуулалт эрчимжиж буй нь АНУ, Хятадын хиймэл оюуны өрсөлдөөн зөвхөн алгоритм, чипээр хязгаарлагдахгүй болсныг харуулж байна. Хятадын дарга Ши Жиньпин харьцангуй хямд өртөгтэй, нээлттэй эхийн хиймэл оюуны загвар хөгжүүлэхийг дэмжиж буй нь “OpenAI”, “Anthropic” зэрэг АНУ-ын компаниудын хаалттай системд тулгуурласан бизнесийн загвараас ялгаатай чиглэл юм.
Хүний нөөцийн урсгалд ч өөрчлөлт ажиглагдаж буйг шинжээчид онцолжээ. Жак Жаны хэлснээр АНУ-ыг зорих Хятадын оюутан, судлаачдын тоо буурч, эсрэгээрээ АНУ-аас Хятад руу буцах урсгал нэмэгдэх хандлага тодорхой болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны өрсөлдөөний талаар “Хиймэл оюунд хэн ялна, тэр ялна” хэмээн мэдэгдсэн. Харин Улаанцавт өрнөж буй бүтээн байгуулалт технологийн өрсөлдөөний нэг гол талбар нь программ хангамжаас гадна түүнийг ажиллуулах цахилгаан, дата төв, сервер болон тооцооллын хүчин чадал болж өргөжсөнийг харуулж байна.
Холбоотой мэдээ

АНУ болон Ираны хэлэлцээнд ахиц гарснаар газрын тосны ханш лхагва гарагийн арилжааг уналттай эхлүүллээ
АНУ, Ираны төлөөлөгчдийн гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг дипломат аргаар намжаах хүлээлтийг нэмэгдүүлснээр газрын тосны ханш лхагва гарагийн арилжаагаар буурлаа.

9 настай хүүхэд аавынхаа картыг ашиглан “Roblox”-ийн бичлэгийн сурталчилгаанд $118,000 зарцуулжээ
Есөн настай хүүхэд YouTube сувгийнхаа бичлэгүүдийг сурталчлахын тулд аавынхаа компанийн кредит картыг ашиглан 118 мянган ам.долларын зарлага гаргажээ.

Зэсийн ханш зургаа дахь өдрөө өсөлтөө үргэлжлүүлж байна
Зэсийн ханш зургаа дахь өдрөө дараалан өсч, сүүлийн дөрвөн сарын хамгийн урт өсөлтийн цуваагаа үргэлжлүүлж байна.

Жавартай өдрүүд айсуй, шинэ он гарахад 100 хоног үлдлээ
2026 он дуусч, 2027 он гарахад яг 100 хоног үлдлээ. Улаанбаатарт есдүгээр сарын 23-ны өглөө 5 орчим хэм дулаан, үүлэрхэг байгаа бол өдөртөө 12 хэм хүрэх төлөвтэй байна.

Тейлор Свифт “Patient Zero” хэмээ шинэ дуугаа 9-р сарын 25-нд гаргана
Америкийн дуучин Тейлор Свифт өөрийн “Patient Zero” хэмээх шинэ синглээ есдүгээр сарын 25-ны баасан гарагт гаргахаар болсноо зарлалаа.

Qantas Airways Нью-Йорк–Сидней чиглэлийн анхны зогсолтгүй нислэгийн суудлыг ирэх наймдугаар сард худалдаална
Qantas Airways Нью-Йорк–Сидней чиглэлийн анхны зогсолтгүй нислэгийн суудлыг худалдаалж, урт нислэгийн өрсөлдөөн шинэ шатанд орно.