iPhone хулгайд алдагдвал автоматаар түгжигдэнэ: “Apple” шинэ хамгаалалт хөгжүүлж байна
АНУ-ын технологийн “Apple” компани iPhone-ийг гараас булаасан тохиолдолд автоматаар түгжих шинэ хамгаалалтын функц хөгжүүлж байна.

АНУ-ын технологийн “Apple” компани iPhone-ийг гараас булаан авч зугтсан тохиолдлыг автоматаар таньж, төхөөрөмжийг түгжих шинэ хамгаалалтын функц хөгжүүлж байна.
“MacRumors”-ийн мэдээлснээр iOS 27.2-ийн бета хувилбараас илэрсэн кодууд тус компани уг системийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлж байгааг харуулжээ. “Apple” дотооддоо “AutoLock” гэж нэрлэж буй уг функцээр iPhone-ийг хэрэглэгчийн гараас гэнэт булаасан эсэхийг төхөөрөмжийн мэдрэгчүүдийн тусламжтай танихаар ажиллаж байгаа аж.
Булаалгасныг хэрхэн таних вэ?
“AutoLock” нь iPhone-ийн гироскоп, хурдатгал хэмжигч болон бусад мэдрэгчийн мэдээллийг ашиглана. Тухайлбал, утас булаахтай төстэй байдлаар гэнэт хурд авах нь хулгайн болзошгүй дохионы нэг болох юм.
Үүнээс гадна iPhone-той холбогдсон Apple Watch гэнэт салсан эсэх, тодорхой хугацаанд холбогдох боломжгүй болсон эсэхийг харгалзан үзэж магадгүй. Мөн сүлжээний холболт удаан хугацаагаар тасрах, iPhone тодорхой хугацаанд түгжээгүй хэвээр байх зэрэг үзүүлэлтийг хамтад нь шинжлэхээр туршиж байна.
Гэхдээ ганц дохиогоор утсыг хулгайд алдсан гэж үзэхгүй. Буруу танилтаас сэргийлэхийн тулд биометрийн баталгаажуулалт, хэрэглэгчийн байнга очдог байршил болон тухайн үед ашиглаж буй апп зэрэг нэмэлт мэдээллийг харгалзан үзэх боломжтой аж.
Хулгай гэж үзвэл юу болох вэ?
Систем iPhone-ийг хулгайд алдсан байх магадлал өндөр гэж үзвэл төхөөрөмж автоматаар түгжигдэж, “Stolen Device Protection” буюу хулгайд алдсан төхөөрөмжийн хамгаалалт идэвхжих боломжтой.
Уг хамгаалалт идэвхжсэн үед хэрэглэгч танил байршлаасаа хол байгаа бол хадгалсан банкны карт, нууц үг зэрэг чухал мэдээлэлд хандахын тулд Face ID эсвэл Touch ID ашиглан өөрийгөө баталгаажуулах шаардлагатай. Харин Apple Account-ийн нууц үгийг солих зэрэг өндөр эрсдэлтэй зарим үйлдэлд нэмэлт хүлээлгийн хугацаа үйлчилдэг.
“Apple” шинэ хамгаалалтын функцийг хэрэглэгчдэд хэзээ нэвтрүүлэхээ одоогоор зарлаагүй байна. Харин iOS 27.2-ийн бета хувилбараас илэрсэн мэдээлэл нь iPhone-ийг булааж хулгайлах эрсдэлээс хамгаалах системийн хөгжүүлэлт үргэлжилж байгааг харуулжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





