Nvidia-гийн нягтлан бодох бүртгэлийг АНУ-ын SEC шалгаж байгаа гэх мэдээллээр хувьцаа нь 14 хувиар унаж, Nasdaq 5.3 хувиар буурлаа
Reuters агентлагийн мэдээлснээр АНУ-ын Үнэт цаасны хороо (SEC) Nvidia-гийн нягтлан бодох бүртгэлийн асуудлыг шалгаж байна. Энэ мэдээний дараа Nvidia-гийн хувьцаа 14 хувиар унаж, хиймэл оюуны салбарын хувьцаанууд бөөнөөрөө зарагдсанаар Nasdaq индекс 5.28 хувиар буурлаа.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) хиймэл оюуны чип үйлдвэрлэгч Nvidia-гийн нягтлан бодох бүртгэлийн асуудлыг шалгаж байгааг уг асуудлыг мэдэх хоёр эх сурвалжид тулгуурлан Reuters агентлаг 11-р сарын 20-нд (АНУ-ын цагаар) онцгойлон мэдээллээ. SEC тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд Nvidia хариу өгөөгүй байна. Reuters мөрдөн шалгалт хэзээ эхэлсэн, яг ямар асуудлыг хамарч байгааг тогтоож чадаагүй гэдгээ тэмдэглэж, шалгалт явуулж байгаа нь зөрчил гаргасныг нотлохгүй гэдгийг онцолсон.
Сингапурын борлуулалт дахин анхаарлын төвд
Nvidia өнгөрсөн жил орлогоо газарзүйн байршлаар тайлагнах аргачлалаа өөрчилж, төлбөрийн хаягийн оронд харилцагчийн төв оффисын байршлыг үндэслэх болсон. Үүний улмаас Сингапур компанийн газарзүйн задаргаанаас хасагдсан юм. Financial Times-ийн мэдээлснээр энэ өөрчлөлт хийгдэх үед Сингапурын борлуулалт компанийн нийт орлогын бараг талд хүрээд байжээ. Reuters-ийн мэдээлснээр АНУ-ын эрх баригчид Nvidia-гийн томоохон харилцагч байсан Сингапурын Megaspeed компанийг экспортын хяналтын дүрэм зөрчиж Хятад руу чип нийлүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр 2024 оноос хойш шалгаж байгаа юм. Шинжээчид мөн чип үйлдвэрлэгчид өөрсдийн харилцагчдад чип худалдан авах санхүүжилт олгодог “тойрог санхүүжилт”-ийн гэрээнүүд орлогын чанарыг үнэлэхэд хүндрэл учруулж байна гэж шүүмжилсээр ирсэн.
Хиймэл оюуны хувьцаанууд бөөнөөрөө унав
CNBC-гийн мэдээлснээр Nvidia-гийн хувьцаа баасан гарагт 14 хувиар унаж, 125.53 ам.доллар орчимд хаагдсан бөгөөд дараалан долоо дахь долоо хоногоо буурсан нь 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн урт уналт боллоо. Энэ хугацаанд хувьцаа 46 хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд ам.доллараар хорогдсон аж. Нэгэн үе дэлхийн хамгийн үнэтэй компани байсан Nvidia одоо 3 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр Apple, Microsoft, Alphabet-ийн дараа дөрөвдүгээрт оржээ.
Reuters-ийн зах зээлийн тоймд дурдсанаар Nasdaq Composite индекс 5.28 хувиар, S&P 500 индекс 3.70 хувиар, Dow Jones 1.93 хувиар унасан. Хагас дамжуулагчийн индекс өдөрт 10.7 хувиар, долоо хоногт 17.1 хувиар буурч, дэлхийн хувьцааны MSCI индекс 2020 оноос хойших хамгийн том долоо хоногийн уналтаа үзүүлэв. AMD болон Micron-ы хувьцаа 13 гаруй хувиар унажээ.
Anthropic арилжааны хоёр дахь өдрөө унав
Энэ долоо хоногт түүхэн дэх хамгийн том IPO хийсэн Anthropic-ийн хувьцаа анхны бүтэн арилжааны өдрөө ойролцоогоор 9 хувиар буурч, 88–89 ам.доллар орчимд хаагдлаа. Reuters-ийн мэдээлснээр өдрийн дундуур 14.5 хувь хүртэл унаж, IPO-гийн 83 ам.долларын үнэд ойртсон байна.
Энэ үеэр АНУ-ын Холбооны нөөцийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн Лиза Күүк төв банк хиймэл оюуны салбарын санхүүжилтийн нарийн төвөгтэй бүтцийг анхааралтай ажиглаж байгааг мэдэгдсэн. “Хурдан өсөж буй, ил тод бус, нарийн төвөгтэй аливаа зүйл санхүүгийн тогтвортой байдлын үүднээс бидний анхаарлын төвд маш хурдан орж ирдэг” гэж тэрээр Чилид хэлжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





