Meta-ийн Muse хиймэл оюуны хувийн агент шуугиан тарьсан ч тогтвортой бизнес болох эсэх нь эргэлзээтэй байна
Muse уулзалт товлох, аялал захиалах, бүтээгдэхүүн худалдан авах зэрэг ажлыг хэрэглэгчийн өмнөөс гүйцэтгэх боломжтой.

Meta хэрэглэгчийн өмнөөс уулзалт товлох, аялал захиалах, цахим маягт бөглөх, бүтээгдэхүүн худалдан авах зэрэг үйлдэл гүйцэтгэх Muse хиймэл оюуны агентаа эрчимтэй хөгжүүлж байна. Танилцуулснаас хойших хоёр долоо хоногт Meta-ийн хувьцаа 20 гаруй хувиар өсч, Muse Apple-ийн App Store-т ChatGPT-ийг давсан нь зах зээлийн анхаарлыг татжээ.
Гэвч Muse бусад платформ дээр хэрэглэгчийн өмнөөс үйлдэл хийхэд эхний томоохон саад тулгарав. Amazon үйлчилгээний нөхцөлтэй холбоотойгоор Muse-ээр дамжуулан худалдан авалт хийх боломжийг хааж, гуравдагч талын аппууд ил тод ажиллаж, үйлчилгээ үзүүлэгчийн оролцох эсэх сонголтыг хүндэтгэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Amazon өмнө нь Perplexity-ийн хиймэл оюуны агентууд сайтад нь зөвшөөрөлгүй хандсан гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд OpenAI, Google-ийн агент төрлийн хэрэгслүүдэд ч хязгаарлалт тавьсан талаар мэдээлж байв. Энэ нь хиймэл оюуны агентуудын өрсөлдөөн зөвхөн технологийн чадвараар бус, бусад платформтой хэрхэн холбогдохоос хамаарахыг харуулж байна.
Үүний зэрэгцээ хэрэглэгчийн өмнөөс төлбөр хийх, захиалга баталгаажуулах зэрэг эрхийг хиймэл оюунд шилжүүлэх тусам мэдээллийн аюулгүй байдал, алдаа гарсан тохиолдлын хариуцлага, хэрэглэгчийн итгэлийн асуудал илүү чухал болж байна.
Өнөөдрийн Meta Connect арга хэмжээгээр компани Muse-ийн дараагийн чиглэлийг тодруулах хүлээлттэй байна. Зах зээлийн хувьд гол асуулт нь Muse өндөр хэрэглээтэй апп хэвээр үлдэх үү, эсвэл Meta-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбогдсон өргөн хүрээний хиймэл оюуны платформ болж чадах уу гэдэгт төвлөрч байна.
Зургийн тайлбар: Meta Muse-ийг хэрэглэгчийн өмнөөс цахим орчинд бодит үйлдэл гүйцэтгэх хувийн хиймэл оюуны агент хэлбэрээр хөгжүүлж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





