egov.mn
ТехнологиАвтомат

Нэг ажилтны хиймэл оюунаар хийсэн ажлыг нөгөө ажилтан "залруулах" шаардлага үүсч байна

Ажилтнуудын бүтээмж өсгөх зорилготой хиймэл оюуны технологи зарим байгууллагад эсрэгээрээ ажилчдын хооронд үл ойлголцол, үл итгэлцэл, нэмэлт ажлын ачаалал бий болгож эхэлжээ. CNBC-ийн ажигласнаар хиймэл оюун ашиглах эсэхээс илүүтэй "хэн, ямар ажилд, ямар хэмжээнд ашиглах ёстой вэ" хэмээх нэгдсэн ойлголт байгууллагуудад дутагдаж байгаа нь зөрчлийн гол шалтгаан болж байна. Түүнчлэн нэг ажилтан хиймэл оюунаар ажлаа хурдан дуусгасан мэт боловч түүний алдаа, дутуу мэдээллийг засах ажил дараагийн хүнд шилжиж байна.

Хуваалцах
Нэг ажилтны хиймэл оюунаар хийсэн ажлыг нөгөө ажилтан "залруулах" шаардлага үүсч байна

Ажлын байранд хиймэл оюуны хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа ч бүтээмж өсгөх зорилготой энэ технологи зарим байгууллагад эсрэгээрээ ажилтнуудын хооронд үл ойлголцол, үл итгэлцэл, нэмэлт ажлын ачаалал бий болгож эхэлжээ.

“CNBC Make It”-ийн ажилтнууд болон удирдах албан тушаалтнуудтай хийсэн ярилцлагаас үзэхэд хиймэл оюун ашиглах эсэхээс илүүтэй "хэн, ямар ажилд, ямар хэмжээнд ашиглах ёстой вэ" хэмээх нэгдсэн ойлголт байгууллагуудад дутагдаж байгаа нь зөрчлийн гол шалтгаан болж байна.

Энэ асуудал 2022 оны сүүлээр АНУ-ын технологийн аварга “OpenAI” компанийн боловсруулсан хиймэл оюуны ChatGPT загвар олон нийтэд нээлттэй болсноос хойш улам тодорчээ. Тодруулбал, ажилтнууд шинэ технологийг ажлын урсгалдаа хурдтай нэвтрүүлсэн ч байгууллагуудын сургалт, дотоод журам хэрэглээнийх нь араас гүйцэж чадаагүй байна.

Хэрэглээ өссөн ч зохицуулалт хоцорч байна

“CNBC” болон судалгааны “SurveyMonkey” компанийн 1,686 ажилтныг хамруулсан улирлын судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь хиймэл оюуныг долоо хоногт дор хаяж нэг удаа хэрэглэдэг бол зарим нь өдөрт хэд хэдэн удаа ашигладаг хэмээн хариулжээ.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын 84 хувь нь хиймэл оюун ашиглах талаар байгууллагаасаа албан ёсны сургалт аваагүй, өөрсдөө сурсан бол 55 хувь нь ажил олгогч байгууллагаас хиймэл оюуны хэрэглээг зохицуулсан албан ёсны бодлого хэрэгжүүлдэггүй гэж хариулсан байна.

Өөрөөр хэлбэл, компаниудын хувьд ажлын байранд хиймэл оюун нэвтрүүлэхээс илүүтэй түүнийг хэрхэн ашиглах дүрэм болон ажилтнуудын хүлээлтийг ижил түвшинд хүргэх асуудал тулгарч байна.

Үүний нэг илрэл нь хиймэл оюун ашигласан ажилтны хөдөлмөрийг бусад хүн хэрхэн үнэлэх тухай маргаан юм. Байгууллагын программ хангамж хөгжүүлэгч “Atlassian” компанийн АНУ-ын 1,000 ажилтныг хамруулсан туршилтаар хиймэл оюун ашигласнаа ил тод хэлсэн хүмүүсийг бусад ажилтан "залхуу, бага хүчин чармайлт гаргасан" мэтээр үнэлэх хандлага ажиглагджээ. Улмаар ийм ажилтныг томоохон төсөлд сонгох сонирхол ч буурч болзошгүй байв.

Ингэснээр ажилтнууд хиймэл оюуны технологи ашигласнаа бусдаас нуух, эсвэл хиймэл оюуны тусламжтай хийсэн ажлынхаа бодит хувь нэмрийг батлах шаардлагатай мэт мэдрэмж авах эрсдэлтэй байна.

Хийсэн ажлыг хөнгөвчлөх биш, бусдад нэмэлт ачаалал үүсгэж байна

Хиймэл оюунаар богино хугацаанд боловсруулсан материал "заавал" бүтээмж нэмэгдүүлдэггүй гэдгийг өөр нэг судалгаа харуулжээ.

“BetterUp” болон Стэнфордын их сургуулийн Нийгмийн сүлжээний лабораторийн өнгөрсөн оны есдүгээр сард танилцуулсан судалгаагаар АНУ-ын оффисын ажилтнуудын 40 хувь нь хиймэл оюунаар боловсруулсан боловч чанар, утга агуулга муутай материал хүлээн авч байсан гэжээ.

Судлаачид ийм материалыг “workslop” хэмээн нэрлэж, нэг ажилтан хиймэл оюунаар ажлаа "хурдан дуусгасан" мэт харагдавч түүний алдаа, дутуу мэдээллийг засах ажил дараагийн хүнд шилжиж байгааг анхааруулсан байна. Ингэснээр байгууллага бүхэлдээ цаг хэмнэх бус, харин ажлын ачааллыг нэг ажилтнаас нөгөөд шилжүүлсээр буй.

Маркетинг, олон нийттэй харилцах “8thirtyfour” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ким Боуд нэг удаа гэрээт ажилтнаас ирсэн материалыг хиймэл оюунаар боловсруулсан хэмээн сэжиглэсний дараа бүх агуулгыг дахин бичих шаардлагатай болсон тухай “CNBC”-д ярьжээ. Түүний тооцоолсноор уг асуудал компанид 10,000 ам.долларын алдагдал учруулсан байна.

Уулзалтын тэмдэглэл хүртэл эрсдэл дагуулах болов

Хиймэл оюуны хэрэглээ зөвхөн ажлын чанар, бүтээмжээс гадна ажилтнуудын хувийн мэдээлэл болон байгууллагын дотоод харилцаанд асуудал үүсгэж байна. Тодруулбал, Вашингтон хотын нэгэн архитектурын компани “Microsoft”-ийн Copilot үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний дараа ажлын уулзалтуудад хиймэл оюунд суурилсан тэмдэглэл хөтлөгч автоматаар бий болсон ба уулзалтын тэмдэглэлийг урилга авсан хүмүүст бүгдэд нь тараадаг болжээ.

Компанийн хүний нөөцийн захирал Аура Телманы хэлснээр зарим уулзалтын үеэр анх төлөвлөснөөс илүү эмзэг асуудал ярих тохиолдол гардаг тул энэ асуудал нь хүний нөөцийн хэд хэдэн яаралтай асуудал үүсгэсэн байна. Тус компани үүний дараа бүх оролцогч зөвшөөрсөн тохиолдолд л хиймэл оюуны тэмдэглэл хөтлөгч ашиглах журамд шилжжээ.

Энэ жишээ нь технологи техникийн хувьд зөв ажиллаж байсан ч ямар мэдээллийг хэнд, ямар нөхцөлд хүргэж байгааг хүний оролцоотой хянах шаардлага хэвээр байгааг харуулж байна.

Хөрөнгө оруулалтын өгөөж ч хүлээлтэд хүрэхгүй байна

Ажилтнуудын дунд гарч буй зөрчил нь бизнесүүдийн хиймэл оюунд тавьсан эдийн засгийн хүлээлттэй зэрэгцэн өрнөж байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Gartner” компани тавдугаар сард танилцуулсан тайландаа ажилтныхаа тоог цөөлж, оронд нь хиймэл оюунд хөрөнгө оруулсан зарим компани таамаглаж байсан үр өгөөжөө хараахан хүртэж чадаагүй талаар тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ Массачусетсийн Технологийн Институтийн судлаачдын 2025 оны тайланд дурдсанаар байгууллагууд генератив хиймэл оюунд нийт 30-40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч судалгаанд хамрагдсан байгууллагуудын 95 хувь нь хэмжигдэхүйц өгөөж авч чадаагүй байна.

Үүнээс гадна “BetterUp Labs”, Стэнфордын их сургуулийн Нийгмийн сүлжээний лаборатори болон Оксфордын их сургуулийн “Saïd Business School”-ийн судалгаагаар удирдлагууд ажилтантай хийх яриа, зөвлөгөөг өөрийн биеэр бус, харин хиймэл оюунаар орлуулсанд ажилтнуудын ажлаас гарах хүсэл 29 хувиар өсч, халшралт 26 хувиар нэмэгдэхийн зэрэгцээ багийн зохицол 12 хувиар буурчээ.

Ажилтнууд ажлын байрныхаа ирээдүйд санаа зовж байна

Хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр ажилчдын хөдөлмөрийн зах зээлд хандах хүлээлт мөн адил өөрчлөгдөж байна. “CNBC”-ийн судалгаагаар таван ажилтан тутмын нэг нь хиймэл оюун ажлын байрны баталгаатай байдалд нь сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Харин гурван хүн тутмын нэг нь хиймэл оюуны нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн төлөвт өмнөхөөсөө илүү гутранги хандах болсон байна.

Үүний зэрэгцээ Судалгааны “Gallup” байгууллагын хоёрдугаар сард нийтэлсэн, 23,717 хүнийг хамарсан судалгаагаар ажлын байранд хиймэл оюун нэвтрүүлсэн байгууллагуудын ажилтнуудын тал орчим хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажлын байрны соёл өөрчлөгдсөн гэж үзжээ. Тэдний 25 хувь нь соёл муудсан гэж хариулсан бол 24 хувь нь сайжирсан гэж үнэлсэн байна.

Эдгээр үр дүн хиймэл оюуныг ажлын байранд нэвтрүүлэх асуудал зөвхөн шинэ программ худалдан авах эсвэл ажилтнуудын цагийг хэмнэх тухай биш болсныг харуулж байна. Харин хэн ямар ажилд хиймэл оюун ашиглаж болох, түүний гаргасан материалыг хэн хариуцах, ажилтны бодит хувь нэмрийг хэрхэн үнэлэх, эмзэг мэдээллийг хэрхэн хамгаалах зэрэг дүрмийг тодорхой болгох шаардлага компаниудын өмнө тавигдаж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
Технологи

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна

БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

2 мин унших
Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Технологи

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв

Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

3 мин унших
Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Технологи

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?

Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

3 мин унших
Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Технологи

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа

Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

2 мин унших
Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Технологи

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ

Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

2 мин унших
Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Технологи

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ

Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.

2 мин унших