“Shein”-ийн улирлын ашиг 67%-аар буурч, хувьцааны ханш нь 6% гаруйгаар уналаа
Түргэн хувцасны загварын цахим худалдааны "Shein" компанийн хувьцааны ханш мягмар гарагийн арилжаагаар 6 гаруй хувиар буурлаа.

Түргэн хувцасны загварын цахим худалдааны "Shein" компанийн хувьцааны ханш мягмар гарагийн арилжаагаар 6 гаруй хувиар буурлаа. Тус бууралтад хөрөнгө оруулагчид компанийн цэвэр ашиг огцом буурч, үйлдвэрлэлийн зардал өсөхийн зэрэгцээ голлох зах зээлүүд дэх бизнесийн өсөлт саарч байгаад болгоомжтой хандаж эхэлсэн нь голлон нөлөөлжээ.
"Shein"-ийн тохируулсан цэвэр ашиг хоёрдугаар улиралд 228 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 67 хувиар огцом буурсан байна. Мөн цэвэр ашгийн маржин ижил хугацаанд 4.1 хувиар хумигджээ. Харин орлого 0.9 хувиар нэмэгдэж, 11.08 тэрбум ам.долларт хүрсэн ба Латин Америкийн зах зээл дэх өсөлт Европ болон АНУ дахь бууралтыг нөхсөн байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас онгоцны түлш болон ачаа тээврийн зардал өссөн нь "Shein"-ийн цэвэр ашиг буурахад голлон нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг болов. Тус компани хямд үнэтэй хувцсаа дэлхийн олон зах зээлд агаарын тээврээр хүргэдэг тул бизнесийн загвар нь түлш, логистикийн зардлын өөрчлөлтөд мэдрэг байдаг. Түүнчлэн захиалга бэлтгэх, мөн хүргэлттэй холбоотой зардал хоёрдугаар улиралд 18.1 хувиар өссөн нь "Jefferies"-ийн шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болж буй.
Орлогын бүтцийг бүс нутгаар задалж үзвэл Европын зах зээл дэх орлого тайлант хугацаанд 13.9 хувиар буурч, 3.77 тэрбум ам.долларт хүрсэн бол АНУ-ийнх 2.5 тэрбум ам.доллар болж, 6 хувиар багасчээ. Европын Холбоо долдугаар сарын 1-нээс бага үнийн дүнтэй цахим худалдааны илгээмжид 3 еврогийн хураамж нэвтрүүлэхээс өмнө "Shein" бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлж, цахим сурталчилгааныхаа зардлыг бууруулсан байна.
“Jefferies”-ийн шинжээчдийн тооцоолсноор “Shein”-ийн ашиг хоёрдугаар улиралд компанийн өөрийн төсөөлж байсан доод түвшнээс ч 10 гаруй хувиар бага гарчээ. Үүний зэрэгцээ “Shein” есдүгээр сарын 1-нд Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа нэгж бүрийг нь 48.56 хонконг долларын санал болгох үнээр арилжаалж эхэлсэн бөгөөд даваа гарагийн хаалтаар ханш нь уг түвшнээс 27.3 хувиар буурсан байв.
Компани ашигт ажиллагаагаа сайжруулахын тулд Европ дахь бараа материалын нөөцөө нэмэгдүүлж, илүү өндөр үнэтэй хувцас, брэндийн эзлэх хувийг өсгөхөөр төлөвлөж буйг компанийн гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Янтянь Сюй мэдэгдсэн байна. Бүтээгдэхүүний бүтэц илүү өндөр үнийн ангилал руу шилжихийн хэрээр платформын борлуулалтын дундаж үнэ нэмэгдэнэ гэдгийг тэрбээр мөн тайлбарлажээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





