Солонгосын тэрбумтан Квон Хюк Бин экс эхнэртээ ойролцоогоор $1.87 тэрбумын хөрөнгө шилжүүлнэ
Квон бол БНСУ-ын гурав дахь том тоглоом хөгжүүлэгч “Smilegate” компанийг үүсгэн байгуулагч юм. Шүүхийн шийдвэрээр Квон “Smilegate”-ийн 35 хувийн эзэмшлийг И Хва Жинд шилжүүлэхээр болоод байна. Уг хувьцааны үнэлгээ ойролцоогоор 2.5 их наяд вон бөгөөд тэрбээр 65 тэрбум воныг бэлнээр төлөх ёстой.

Өмнөд Солонгосын шүүх лхагва гарагт компьютер тоглоомын салбарын тэрбумтан Квон Хюк Бинийг салсан эхнэр И Хва Жинд нийт 2.55 их наяд вон буюу ойролцоогоор 1.87 тэрбум ам.долларын хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Квон бол БНСУ-ын гурав дахь том тоглоом хөгжүүлэгч “Smilegate” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд тус компанийг 100 хувь эзэмшдэг бөгөөд түүний нийт хөрөнгийг ойролцоогоор 3 тэрбум ам.доллароор үнэлдэг.
Шүүхийн шийдвэрээр Квон “Smilegate”-ийн 35 хувийн эзэмшлийг И Хва Жинд шилжүүлэхээр болоод байгаа юм. Уг хувьцааны үнэлгээ ойролцоогоор 2.5 их наяд вон бөгөөд тэрбээр 65 тэрбум воныг бэлнээр төлөх ёстой.
И Хва Жин гэр бүл салалтын хэрэгт “Smilegate”-ийн хувьцааны 50 хувийг авах хүсэлт гаргаж, компанийг байгуулах эхний үед санхүүгийн хувь нэмэр оруулсан гэж тайлбарлаж байв. Мөн 20 гаруй жилийн хугацаанд хүүхдүүдээ өсгөж, гэр бүлийн амьдралыг авч явсан хөдөлмөрөө хөрөнгө бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр гэж үзжээ.
Харин Квон эхнэрээ компанид хөрөнгө оруулаагүй, ажиллаж байгаагүй гэж маргасан байна. “Smilegate” энэ оны эхээр гаргасан мэдэгдэлдээ компанийн анхны хөрөнгө оруулалтыг бүхэлд нь Квон гаргасан гэж мэдээлжээ.
Квон, И нар 2001 онд гэрлэсэн бөгөөд жилийн дараа “Smilegate” байгуулагдаж, “CrossFire”, “Lost Ark” зэрэг олон улсын зах зээлд танигдсан тоглоомыг хөгжүүлсэн юм.
Өмнөд Солонгосын өмнөх хамгийн өндөр дүнтэй гэр бүл салалтын хөрөнгө хуваалт нь “SK Group” бизнесийн нэгдлийн тэргүүн Чэй Тэ Вонтой холбоотой байв. Түүнээс хуучин эхнэртээ 944 тэрбум вон төлөх шийдвэр гарч байсан бөгөөд Квоны хэрэгт тогтоосон хөрөнгийн хэмжээ үүнээс хоёр дахин өндөр юм.
Квон Хюк Бин болон И Хва Жин нарын аль аль нь шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





