Том зураглал: Европын Холбоо Канадтай "онцгой түншлэл" байгуулах саналд болгоомжтой хандсаар байна
Канад ЕХ-той эдийн засаг, геополитикийн харилцаагаа гүнзгийрүүлэх санал дэвшүүлсэн ч ЕХ-ны хэд хэдэн улс Канадад худалдааны тусгай нөхцөл олгоход болгоомжтой хандаж байна. Канад, ЕХ-ны чөлөөт худалдааны "CETA" хэлэлцээр 2017 оноос түр хэрэгжиж байгаа ч үүнийг Франц, Итали тэргүүтэй 10 улс одоог хүртэл бүрэн соёрхон батлаагүй байна. Талууд батлан хамгаалал, чухал ашигт малтмал болон дижитал худалдааны салбарт түншлэлээ өргөжүүлэх боломжийг хэлэлцэж буй ба аравдугаар сарын сүүлээр Монреальд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ.

Канадын Ерөнхий сайд Марк Карни Европын Холбоотой “онцгой түншлэл” бий болгож, АНУ болон БНХАУ зэрэг томоохон гүрнүүдийн нөлөө нэмэгдэж буй үед хөгжиж буй эдийн засгуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх санал дэвшүүлсэн ч Холбооны зарим гишүүн орон үүнд болгоомжтой хандаж байна.
“Financial Times”-ийн мэдээлснээр хэлэлцээнд оролцож буй Европын Холбооны дипломатууд Канадтай худалдаа хийхэд илүү давуу байдал олгох шинэ тогтолцоог бий болгохын оронд одоо хүчин төгөлдөр байгаа гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой гэж үзэж байна.
Европын Комиссын есдүгээр сарын 14-нд Канад улсыг Европын холбооны "стратегийн чухал түнш бөгөөд ойрын анд, нөхөр" хэмээн тодорхойлж, талууд хамтын ажиллагааны түвшнээ ахиулах зорилготой байгааг мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Карнигийн санал болгож буй "онцгой түншлэл" яг ямар бүтэцтэй байх талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Худалдааны харилцааг иж бүрэн эдийн засаг, худалдааны хэлэлцээрт түшиглэн өргөжүүлж магадгүй
Канад болон Европын Холбооны эдийн засгийн харилцааны үндсэн суурь нь иж бүрэн эдийн засаг, худалдааны "CETA" хэлэлцээр юм. Тус хэлэлцээрийн худалдаатай холбоотой заалтууд 2017 оны есдүгээр сарын 21-нээс түр хугацаанд хэрэгжиж эхэлсэн бөгөөд талуудын бараа бүтээгдэхүүнд ногдох татварын хэмжээг бууруулах, гаалийн журам, нийлүүлэлт зэрэг голлох зохицуулалт хэдийн хэрэгжиж байна.
Гэсэн хэдий ч Франц, Итали тэргүүтэй Холбооны 10 гишүүн улс "СЕТА"-г Үндсэн хуулиндаа бүрэн соёрхон батлаагүй хэвээр байгаа юм. Зарим улсын хууль тогтоогчид Канадын хөрөнгө оруулагчдын Засгийн газрыг шүүхэд өгч болзошгүй байдал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг бууруулах зохицуулалтад шүүмжлэлтэй хандсаар буй.
Карни урьд өмнө Канадыг Европын холбоотой "гишүүнчлэлээс бусад бүх чиглэлээр" ойртуулах, бүр " дэд гишүүнчлэл"-ийн хувилбарыг хөндөж байсан удаатай. Харин удалгүй тэрбээр эл байр сууриа зөөлрүүлж, "CETA"-г соёрхон батлаагүй 10 улсыг хэлэлцээрийг бүрэн батлахыг уриалжээ.
Хоёр талын зохицуулалтын ялгаа худалдааны түншлэлийг цааш өргөжүүлэхэд саад болж буй. Тухайбал, "CETA"-гаар бага татвартай квот олгосон хэдий ч Канадын үхрийн мах үйлдвэрлэгчид Европын Холбоонд хориглосон өсөлтийн даавар ашигладаг тул бүтээгдэхүүний Евро бүсийн зах зээлд бараг нийлүүлдэггүй аж.
Үүний зэрэгцээ Брюсселийн зүгээс Канадыг Европын Холбооны ган болон бусад холбогдох бүтээгдэхүүнд ногдуулж буй татвараа цуцлахыг хүсч байгаа бол Оттава “Европт үйлдвэрлэв” бодлого болон мод, хөнгөн цагаан зэрэг экспортын зардлыг нэмэгдүүлэх байгаль орчны зохицуулалтад шүүмжлэлтэй хандаж байна.
Талууд батлан хамгаалах болон чухал ашигт малтмалын салбарт түншлэлээ өргөжүүлэх боломжтой
Хэдийгээр худалдаанд тусгай нөхцөл олгох асуудалд санал зөрөлдөж байгаа ч Канадын батлан хамгаалахын үйлдвэрлэгчид болон чухал ашигт малтмал олборлогч компаниудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Европын Холбооны орнууд илүү нээлттэй хандаж байгаа юм.
Үүний зэрэгцээ санхүүгийн салбарын хамтын ажиллагаа ч өргөжиж буй. Тухайлбал, Европын Комисс энэ оны зургадугаар сараас "CETA"-гийн хүрээнд байгуулсан санхүүгийн үйлчилгээний хорооны уулзалтад оролцох түвшнээ ахиулсан нь банк, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын чиглэлээр талуудын харилцаа гүнзгийрч байгааг харуулж байна.
Гэсэн хэдий ч Канадын нийт экспортын 6 хүрэхгүй хувийг Европын Холбоо бүрдүүлдэг тул тус улсын эдийн засаг АНУ-ын зах зээлтэй илүү нягт холбоотой хэвээр байгаа юм. Мөн Канадын зарим зохицуулалтыг мужийн түвшинд шийдвэрлэдэг нь Европын Холбоотой тохиролцсон өөрчлөлтийг ул даяар хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэдэг ажээ.
Карни Страсбург хотноо Европын Холбооны удирдлагуудтай уулзана
Карни АНУ болон БНХАУ зэрэг зэрэг том гүрнүүдийн өрсөлдөөний үед “дунд гүрнүүд” хамтран ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг сүүлийн саруудад идэвхтэй илэрхийлж буй. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард зохион байгуулагдсан Давосын чуулганы үеэр уг үзэл баримтлалаа онцолж байсан бол Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мөн ижил чиглэлийн хамтын ажиллагааг дэмжиж иржээ.
Карни есдүгээр сарын 16-нд буюу лхагва гарагт Францын Страсбургт хотноо болох Европын Холбооны төлөв байдлын хэлэлцүүлэгт хүндэт зочноор оролцож, маргааш буюу пүрэв гарагт Европын Парламентын чуулганд үг хэлэхээр товлосон байна. Европын Парламентын мэдээлснээр түүний илтгэлд Европын Холбоо болон Канадын эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, АНУ-тай баримтлах гадаад бодлого, мөн БНХАУ-тай харилцах харилцаа зэрэг асуудал багтах юм.
Үүний зэрэгцээ талууд дижитал худалдааны шинэ хэлэлцээрийг аравдугаар сарын 29-30-нд Канадын Кэбэк мужийн Монреаль хотноо болох дээд хэмжээний уулзалтаас өмнө эцэслэхээр зорьж байна. Европын Комисс мөн уг уулзалтын товыг баталгаажуулжээ.
Холбоотой мэдээ

АНУ-ын Засгийн газрын 10 жилийн бондын өгөөж 2007 оноос хойших дээд түвшинд хүрлээ
Өндөр хүү санхүүгийн системийн аль хэсэгт хамгийн түрүүнд нөлөөлөх вэ гэсэн асуулт зах зээлд дахин урган гарлаа. 10 жилийн хугацаат бондын өгөөж орон сууцны зээлээс эхлээд компанийн өрийн санхүүжилт хүртэл олон төрлийн зээлийн өртөгт жишиг болдог. Өгөөж цаашид нэмэгдэх эсэхээс илүү өнөөгийн өндөр түвшин хэр удаан хадгалагдах нь чухал байна.

Их Британийн инфляц наймдугаар сард 3.1 хувьд хүрч, өмнөх сарын 2.9 хувиас эрчимжлээ
Үүнд бензин болон дизелийн үнэ огцом нэмэгдсэн нь инфляц өсөхөд голлон нөлөөлжээ. Ингэснээр инфляц гуравдугаар сараас хойш анх удаа 3 хувийн босгыг давлаа. Төрөөс зохицуулдаг эрчим хүчний үнийн дээд хязгаар нэмэгдсэн нь өрхийн зардалд нөлөөлсөөр байна.

АХБ-тай $450 сая хүртэлх санхүүжилтийн хөтөлбөрийг зөвшилцөхийг дэмжлээ
Үүнээс 200 сая ам.доллар нь төсвийн дэмжлэгийн зээл бол 250 сая ам.доллар хүртэлх хэсгийг болзошгүй гамшгийн үед ашиглахаар төлөвлөжээ. Зээлийн үндсэн хугацааг 15 жилээр тогтоож, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөл төсөлд багтсан байна. Санхүүжилтийг бүрэн ашиглавал Засгийн газрын өр 2026 онд ДНБ-ий 44.5 хувьтай тэнцэх төсөөлөл гарчээ.

Эдийн засгийн байнгын хороо Азийн хөгжлийн банктай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо Азийн хөгжлийн банктай санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг зөвшилцөхийг дэмжлээ. Хөтөлбөрөөр 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл, 250 сая ам.доллар хүртэлх гамшгийн зээлийн шугам байгуулна. Санхүүжилт батлагдвал онцгой нөхцөлд мөнгөжилт түргэсч, өрийн түвшинтэй холбоотой анхаарал дагуулна.

Монголбанк: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлбэл инфляц оны төгсгөлд 0.7%-аар нэмэгдэж болзошгүй
2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан цалин, тэтгэврийн нэмэгдлийг инфляцийн зорилтот түвшинтэй уялдуулж, хэмжээ болон үе шатыг нь бодолцох шаардлагатай гэж Монголбанк үзэж байна Мөн цалин, тэтгэврийн нэмэгдлээс шалтгаалж инфляци энэ онд 0.7 хувь, ирэх онд 1-ээс дээш нэгж хувиар өсөх магадлалтай гэж төсөөлжээ Инфляцийн дарамт нэмэгдвэл Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулах бөгөөд энэ нь бизнесийн зээл, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна

Энэтхэгт дижитал төлбөр өссөн ч бэлэн мөнгөний эрэлт буурахгүй байна
Энэтхэгийн нөөцийн банк 176 тэрбум дэвсгэртийг эргэлтэд байлгаж, жил бүр 28–30 тэрбумыг шинээр хэвлэн, ойролцоогоор 21 тэрбумыг татдаг. Бэлэн болон бэлэн бус төлбөр өндөр түвшинд өсч байгаа нь төв банкны бэлэн мөнгөний нийлүүлэлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хэрэгцээг урьдчилан тооцоход хүндрэл учруулж байна. Шинжээчид хэрэглэгч нууцлал болон ашиглахад хялбар байдлаас шалтгаалан бэлэн мөнгийг илүүд үздэгийг онцолжээ.