АНУ-ын Засгийн газрын 10 жилийн бондын өгөөж 2007 оноос хойших дээд түвшинд хүрлээ
Өндөр хүү санхүүгийн системийн аль хэсэгт хамгийн түрүүнд нөлөөлөх вэ гэсэн асуулт зах зээлд дахин урган гарлаа. 10 жилийн хугацаат бондын өгөөж орон сууцны зээлээс эхлээд компанийн өрийн санхүүжилт хүртэл олон төрлийн зээлийн өртөгт жишиг болдог. Өгөөж цаашид нэмэгдэх эсэхээс илүү өнөөгийн өндөр түвшин хэр удаан хадгалагдах нь чухал байна.

АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж мягмар гарагийн арилжаагаар 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч, өндөр хүү санхүүгийн системийн аль хэсэгт хамгийн түрүүнд нөлөөлөх вэ гэсэн асуулт зах зээлд дахин урган гарлаа.
10 жилийн хугацаат бондын өгөөж орон сууцны зээлээс эхлээд компанийн өрийн санхүүжилт хүртэл эдийн засаг дахь олон төрлийн зээлийн өртөгт жишиг болдог. Өгөөж өндөр түвшинд удаан хадгалагдвал өмнө нь бага хүүтэй үед өр босгосон зээлдэгчид шинэ нөхцөлөөр дахин санхүүжилт хийхдээ мэдэгдэхүйц өндөр өртөгтэй тулгарах эрсдэлтэй.
Хөрөнгийн удирдлагын “Cresset Capital” компанийн Жэк Аблин саяхны ярилцлагадаа 5 хувийн өгөөж тухайн өдөртөө санхүүгийн системд шууд доголдол үүсгэхгүй ч 12-оос 18 сарын дараа өрийн хугацаа дуусч, шинэ хүүгээр дахин санхүүжүүлэх үед хүндрэл илүү тодорч болзошгүйг онцлов.
Түүний хэлснээр, өгөөж цааш нэмэгдэх эсэхээс илүү өнөөгийн өндөр түвшин хэр удаан хадгалагдах нь чухал байна. Өндөр хүү удаан үргэлжлэх тусам хуучин, хямд өртөгтэй өрийг илүү үнэтэй санхүүжилтээр солих компани, өрхийн тоо нэмэгдэнэ.
Дахин санхүүжилтийн өртөг эрс нэмэгдэж байна
Зах зээлийн оролцогчид орон сууц, үл хөдлөх хөрөнгө болон өр ихтэй компаниудыг хамгийн эмзэг хэсгүүдийн нэг гэж үзэж байна.
Санхүүгийн үйлчилгээний “TD Securities” компанийн Билли Лёнг зарим зээлдэгч 2-оос 3 хувийн хүүтэй авсан өрөө 6-аас 8 хувийн өртгөөр дахин санхүүжүүлэх шаардлагатай болж байгааг дурджээ.
Ийм зөрүү нь өрийн үйлчилгээний зардлыг огцом нэмэгдүүлж, компанийн үйл ажиллагаанд ашиглах бэлэн мөнгийг багасгана. Лёнгийн тайлбарласнаар өндөр хэмжээний дахин санхүүжилтийн өртөг нь мөнгөн урсгал сулрах, хөрөнгийн үнэлгээ буурах, зээлийн чанар муудах эрсдэлийг дагуулж байна.
Ялангуяа бага хүүтэй үед их хэмжээний өр босгосон компаниудын хувьд асуудал нь хүүгийн өнөөгийн түвшинд бус, өрийн хугацаа дуусч шинэ нөхцөлөөр санхүүжилт босгох мөчид төвлөрч байгаа юм.
Өндөр өгөөж хэр удаан үргэлжлэх вэ?
Бондын өгөөжийн өсөлт богино хугацаанд зах зээлийн савлагааг нэмэгдүүлэхээс гадна цаашид өрхийн болон компанийн санхүүжилтийн бодит өртгийг өндөр түвшинд хадгалах эрсдэлтэй.
Иймээс зах зээлийн гол анхаарал “өнөөдөр юу доголдох вэ” гэхээс илүү 10 жилийн бондын өгөөж өндөр түвшинд хэр удаан тогтох, мөн дараагийн дахин санхүүжилтийн мөчлөгт аль салбар хамгийн их өртөх вэ гэдэгт шилжиж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





