“Uber” роботаксины өрсөлдөөнд бэлтгэж, ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгоно
Тээврийн платформын “Uber Technologies” компани цар тахлаас хойших хамгийн том цомхотголоо хийж, 3,300 орчим ажилтнаа чөлөөлөхөөр болжээ. Компани удирдлагын шат дамжлагыг багасгаж, роботакси болон өсөлтийн бусад чиглэлд хэмнэсэн хөрөнгөө дахин зарцуулна. Жолоочгүй автомашины үйлчилгээ өргөжихийн хэрээр тээврийн хэрэгсэл, зорчигчийг холбодог “Uber”-ийн одоогийн бизнесийн загварт өрсөлдөөн нэмэгдэж байна.

Тээврийн болон хүргэлтийн үйлчилгээний “Uber Technologies” компани нийт ажилтныхаа 10 хувьтай тэнцэх 3,300 орчим ажлын байрыг цомхотгохоор боллоо. Уг шийдвэр нь 2020 оны цар тахлаас хойших тус компанийн хамгийн том орон тооны бууралт болж байна.
“Uber”-ийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахи лхагва гарагт ажилтнууддаа илгээсэн мэдэгдэлдээ хурдацтай өсөлтийн үед бий болсон удирдлагын олон шат дамжлага шийдвэр гаргалтыг удаашруулж байгааг онцолжээ.
Түүний тайлбарласнаар цомхон бүтэц нь хариуцлагын хуваарилалтыг тодорхой болгож, шийдвэрийг хурдан гаргах боломж бүрдүүлнэ. Мөн зохицуулалтад зарцуулах цагийг багасгаж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд илүү төвлөрөх нөхцөл бий болгоно гэж үзэж буй. Бүтцийн өөрчлөлтөөс хэмнэсэн хөрөнгийг өсөлт, инновац болон ирэх жилүүдэд шаардлагатай чадавхад дахин зарцуулахаар төлөвлөжээ.
Технологийн салбарын зарим компани хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой бүтээмжийн өсөлтийг цомхотголын шалтгаан болгож байгаа ч Хосровшахи уг шийдвэрийг хиймэл оюунтай холбосонгүй. “Layoffs.fyi” платформын тооцоогоор энэ онд технологийн 390 орчим компани нийт 123 мянга гаруй ажлын байр цөөлөөд байна.
Роботаксины өрсөлдөөн нэмэгдэв
АНУ-ын роботаксины томоохон оператор “Waymo” Остин болон Атланта хотод автомашинуудаа “Uber”-ийн аппликэйшнээр дамжуулан ажиллуулдаг. Гэвч “Waymo” зарим шинэ зах зээлд “Uber”-гүйгээр үйлчилгээгээ өргөжүүлж байгаа тухай мэдээлэл хоёр компанийн харилцаанд анхаарал татах болов.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” ч роботаксины хөгжүүлэлтээ эрчимжүүлж буй. Жолоочгүй автомашины тоо нэмэгдэх нь тээврийн хэрэгсэл, зорчигчийг холбож шимтгэл авдаг “Uber”-ийн ашигтай зуучлалын байр суурийг сулруулж болзошгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд бий болжээ.
“Uber” байр сууриа хамгаалахын тулд ирэх жилүүдэд роботаксины салбарт 10 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Компани автомат жолоодлогын систем хөгжүүлэгчдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ жолоочгүй зорчилтын гол платформ болохыг зорьж байна.
“Uber”-ийн хувьцаа эзэмшигч “Cambiar Investors”-ийн шинжээч Адам Баллантайн автомат жолоодлоготой бизнесийг өргөжүүлэхэд хүний жолоочид тулгуурласан үйл ажиллагаанаас өөр бүтэц, ур чадвартай ажиллах хүч шаардлагатайг тайлбарлав.
Удирдлагын шатлал, зайнаас ажиллах орон тоог бууруулна
Бүтцийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэх захирлаас доош долоо болон түүнээс олон шатлалд байрладаг ажилтнуудын тоог 20 хувиар цөөрүүлнэ. Ердөө нэг эсвэл хоёр шууд удирдлагатай багуудын тоог бараг тал хувиар бууруулж, зарим нэгжийг нэгтгэн, ажилтнуудыг гол төвүүддээ төвлөрүүлэх аж.
Бүрэн зайнаас ажиллах орон тоог нийт ажилтны нэг орчим хувьд хязгаарлах боловч долоо хоногийн гурван өдөр оффист ажиллах бодлого хэвээр үлдэнэ.
“Uber” өнгөрсөн оны эцэст дэлхий даяар 34 мянга орчим ажилтантай байжээ. Өмнөх томоохон цомхотголыг 2020 оны тавдугаар сард хийж, цар тахлын үеэр эрэлт огцом буурсны улмаас 6,700 ажилтан буюу нийт хүний нөөцийнхөө бараг дөрөвний нэгийг чөлөөлж байв.
Хөрөнгө оруулагчид бүтцийн өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч, “Uber”-ийн хувьцааны ханш лхагва гарагийн арилжаагаар бараг 2 хувиар нэмэгдэв. Гэсэн ч роботакси болон хүргэлтийн зах зээл дэх өрсөлдөөний болгоомжлолоос шалтгаалан тус компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 8 орчим хувиар сулран, “S&P 500” индекс болон өрсөлдөгч “Lyft”-ийн үзүүлэлтээс хоцорчээ.
Хүргэлтийн зах зээлд “DoorDash”, “Instacart” болон орон нутгийн платформууд өрсөлдөөнийг нэмэгдүүлж буй тул “Uber” үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэхээр хүргэлтийн “Delivery Hero” компанийг 14.8 тэрбум ам.доллароор худалдан авах зэрэг хэлцэлд анхаарч байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





