УИХ-д Төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ: Төсвийн зардлыг ₮1.4 их наядаар танана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. Төсвийн зардлыг ₮1.4 их наядаар бууруулан, хэмнэсэн хөрөнгийг цалин, тэтгэвэр, хүнс болон эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг бууруулахад ашиглана хэмээв. Эдийн засгийн өсөлтийн үр нөлөөг инфляц сааруулж, улсын төсвийн орлого төлөвлөснөөс ₮2.4 их наядаар тасарч буй тул төсвийн тодотгол хийх болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, төсвийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулан, хэмнэсэн хөрөнгийг цалин, тэтгэвэр, хүнс болон эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг бууруулахад чиглүүлэхээр төлөвлөснийг танилцууллаа.
Төсвийн тодотгол хийх гол шалтгаан нь эдийн засгийн өсөлтийн үр нөлөөг инфляц сааруулж, улсын төсвийн орлого төлөвлөснөөс 2.4 их наяд төгрөгөөр тасарч байгаатай холбоотой гэж Ерөнхий сайд мэдэгдэв.
Төсвийн зардлаас ₮1.4 их наядыг танана
Засгийн газар төсвийн зардлыг бууруулахдаа төрийн байгууллагуудын томилолт, сургалт, сурталчилгаа, эд хогшил, автомашин, баяр ёслол, шагнал урамшууллын зардлыг танахаар тооцжээ. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цаастай холбоотой зардлаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг хэмнэхээр төсвийн тодотголд тусгасан байна.
Ингэснээр нийт хэмнэлт 1.4 их наяд төгрөг давж байгаа бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчид болон сайд нарын зардлыг мөн бууруулахаар болжээ.
Тансан зардлыг өрхийн орлогыг дэмжих арга хэмжээнд ашиглана
Харин танасан зардлын тодорхой хэсгийг өрхийн орлогод шууд нөлөөлөх арга хэмжээнүүдэд шилжүүлнэ. Ирэх арваннэгдүгээр сараас эрүүл мэндийн салбарын цалинг 20 хувь, харин соёл, спорт болон төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим зохицуулалтын хэрэгжилтийг урагшлуулж, суурь тэтгэвэр олгож эхлэхээр тусгасан байна.
Хүнсний үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна. Энэ тоо нь хүнсний нийлүүлэлт тасалдах, үнэ огцом өсөх эрсдэлийн үед зах зээлд нийлүүлэлт хийх боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлав.
Эрчим хүчний салбарт татаас олгоно
Эрчим хүчний салбарт ч төсвөөс нэмэлт дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Салбарын алдагдлыг хэрэглэгчийн тарифт шууд шилжүүлж, өрхийн зардлыг нэмэгдүүлэхээс сэргийлэх зорилгоор 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно. Үүнээс гадна засвар үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг төсөвлөхөөр байна.
Боловсролын салбарт сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 50 тэрбум төгрөг зарцуулж, “Гэр ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн хүрээнд нэг ангид суралцах хүүхдийн тоог 35-аас доош байлгах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





