Улаанбаатарын түрээсийн зах зээл: Гурван өрөө байрны сарын түрээс байршлаас шалтгаалан 4.9 сая төгрөгт хүрчээ
ҮСХ-ны туршилтын тооцоогоор өнгөрсөн сард Улаанбаатарын нэг өрөө байрны сарын түрээс дунджаар 1.4 сая төгрөгт хүрчээ. Хоёр өрөө байрны дундаж түрээс 1.93 сая, гурван өрөө байрных 3.03 сая төгрөгт хүрсэн ч байршлаас шалтгаалсан үнийн зөрүү өндөр байна. Сүхбаатар дүүргийн төвийн хэсэгт түрээс хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт харьцангуй хямд байгаа

Үндэсний статистикийн хороо Улаанбаатар хотын түрээсийн орон сууцны дундаж үнийг туршилтаар тооцож, өнгөрсөн сарын зах зээлийн мэдээллийг танилцууллаа. Тооцооллыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн зарын мэдээлэлд тулгуурлан хийсэн бөгөөд эх өгөгдлийг үл хөдлөх хөрөнгийн зарын “Unegui.mn” сайтаас авчээ.
Туршилтын тооцоогоор нэг өрөө орон сууцны сарын түрээс дунджаар 1.4 сая, хоёр өрөө байрных 1.93 сая, гурван өрөө байрных 3.03 сая төгрөг байв. ҮСХ түрээсийн үнийн индексийн тооцооллыг мөн боловсруулжээ.
Гэхдээ хотын дундаж үзүүлэлт нь өрхүүдийн бодитоор төлж буй түрээсийн хэмжээг бүрэн илэрхийлэхгүй байна. Байршлаар нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт түрээс хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Сүхбаатарын талбай, 220 мянгатын орчимд гурван өрөө орон сууцны сарын түрээс дунджаар 4.9 сая, хоёр өрөө байрных 3.2 сая төгрөгт хүрсэн байна.
Харин Хан-Уул дүүргийн Зайсан, “River Garden” хотхоны орчимд гурван өрөө байрны сарын түрээс дунджаар 4.06 сая, хоёр өрөө байрных 2.4 сая, нэг өрөө байрных 1.3 сая төгрөгөөр тооцогджээ.
Нэг хотын дотор ижил тооны өрөөтэй орон сууцны түрээс байршлаас хамааран хэдэн сая төгрөгөөр зөрж байгаа нь түрээсийн зах зээл бүсчлэн ялгарч байгааг харуулж байна. Төвийн бүсэд өндөр түрээс хэвээр үргэлжилбэл өрхүүд илүү хямд дүүрэг сонгох, эсвэл жижиг талбайтай орон сууц руу шилжихэд хүргэж болзошгүйг ҮСХ-ны мэдээлэлд онцолжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





