Жим Крамер: Хөрөнгө оруулагчид хэт өндөр үнэлгээнээс зайлсхийж байна
АНУ-ын технологийн хувьцаануудын сүүлийн савлагаа хиймэл оюуны өсөлтийн мөчлөг дууссаны дохио биш, харин хөрөнгө оруулагчид өндөр үнэлгээнд илүү болгоомжтой хандаж эхэлсний илрэл гэж Жим Крамер үзэв. “MongoDB”-ийн хувьцааны ханш сайн тайлангийн дараа 13 орчим хувиар буурсан бол харьцангуй хямд үнэлгээтэй “Dell Technologies”-ийн хувьцааны ханш хүчтэй тайлангийн дараа 16 хувиар өсчээ. Ингэснээр хиймэл оюунтай холбоотой гэх шалтгаан дангаараа хангалтгүй болж, компанийн өсөлт хувьцааны үнэлгээгээ зөвтгөж чадах эсэх нь илүү чухал шалгуур болж байна.

CNBC-ийн “Mad Money” хөтөлбөрийн хөтлөгч Жим Крамер лхагва гарагт АНУ-ын технологийн хувьцаануудын сүүлийн савлагааг хиймэл оюуны өсөлтийн мөчлөг дуусаж буйн дохио гэж үзэхэд эрт байгааг онцоллоо. Зах зээлд хөрөнгө оруулагчид хиймэл оюун, технологи болон дата төвтэй холбоотой компаниудаас “зайгаа барьж эхэлсэн” хэмээх болгоомжлол нэмэгдэж буй. Харин Крамерийн үзэж буйгаар технологийн салбарын сонирхол үндсэндээ сулраагүй бөгөөд хөрөнгө оруулагчид өндөр үнэлгээнд мөнгө төлөхдөө илүү сонгомол хандах болжээ. Засгийн газрын бондын өгөөж өсөх үед өндөр үнэлгээтэй хувьцааны эрсдэл нэмэгдэж, хөрөнгө удирдагчид харьцангуй доогуур үнэлгээтэй компаниуд руу хөрөнгөө шилжүүлэх хандлагатай байдаг. Крамер одоогийн зах зээлийн сэлгэлтийг хиймэл оюуны эрэлт буурсантай бус, үнэлгээний шалгуур чангарч буйтай холбон тайлбарлав.
Санхүүгийн сайн гүйцэтгэл хөрөнгө оруулагчдыг татах амаргүй болжээ АНУ-ын программ хангамжийн “MongoDB” компани зах зээлийн хүлээлтээс давсан санхүүгийн гүйцэтгэл танилцуулсан ч хувьцааны ханш нь лхагва гарагийн арилжаагаар 13 орчим хувиар буурчээ. Тус компанийн ирэх 12 сарын хүлээгдэж буй ашигт суурилсан үнэ-ашгийн харьцаа буюу P/E Крамерийн мэдээлснээр 52 орчим байна. P/E нь хөрөнгө оруулагчид компанийн нэгж ашиг тутамд хэдий хэмжээний үнэ төлж байгааг харуулдаг түгээмэл үнэлгээний үзүүлэлт юм. Ийм өндөр үнэлгээтэй үед хүлээлтээс давсан тайлан ч хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байж болохыг “MongoDB”-ийн ханшийн хөдөлгөөн харуулжээ. Харин компьютер, сервер үйлдвэрлэгч “Dell Technologies” компанийн ирэх 12 сарын хүлээгдэж буй ашигт суурилсан P/E 16 орчим байгаа аж. Тус компани санхүүгийн сайн гүйцэтгэл танилцуулсны дараа хувьцааны ханш мягмар гарагийн арилжаагаар 16 хувиар өссөн байна. Крамерийн тайлбарласнаар энэ зөрүү нь хөрөнгө оруулагчид технологийн компаниудыг нэг сэдвээр багцлан үнэлэхээс илүү бодит гүйцэтгэл болон хувьцааны үнэлгээг хооронд нь харьцуулж эхэлснийг харуулж буй.
“Nvidia”-д ч эргэлзээ шингэжээ Хиймэл оюуны чипийн зах зээлд тэргүүлэгч “Nvidia” компанийн үнэлгээ ч зах зээлийн хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж буйг Крамер онцлов. Түүний мэдээлснээр “Nvidia”-ийн ирэх 12 сарын хүлээгдэж буй ашигт суурилсан P/E 17 орчим байгаа нь өсөлт харьцангуй удаан зарим технологийн компанийнхаас ч доогуур түвшин юм. Хиймэл оюуны дэд бүтцийн эрэлтийн гол ашиг хүртэгчдийн нэг атлаа ийм үнэлгээтэй байгаа нь дата төвийн хөрөнгө оруулалт өнөөгийн хурдаа хадгалж чадах эсэх талаарх болгоомжлол хувьцааны ханшид аль хэдийн шингэснийг илтгэж байна гэж Крамер тайлбарлав. Гэхдээ тэрээр дата төвийн зардлын өсөлт огцом саарна гэх болгоомжлолыг хэтрүүлсэн гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Крамерийн дүгнэснээр хөрөнгө оруулагчид хиймэл оюун, дата төв болон технологийн салбарыг бүхэлд нь орхиж байгаа бус, өндөр үнэлгээтэй компаниудаас илүү хүчтэй гүйцэтгэл шаардаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, технологийн салбарт компани хиймэл оюунтай холбоотой байх нь дангаараа давуу тал биш болж, өсөлт нь хувьцааны өнөөгийн үнэлгээг зөвтгөж чадах эсэх нь хөрөнгө оруулагчдын шийдвэрт илүү чухал шалгуур болж байна.
Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.