АНУ ирэх даваа гарагт “томоохон банк”-нд хориг тавина
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент ирэх даваа гарагт нэрийг нь одоогоор зарлаагүй “томоохон банк”-нд хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв. Трампын засаг захиргаа Ирантай санхүүгийн холбоотой гэж үзсэн банк, компани, хөлөг онгоц болон хувь хүмүүсийн эсрэг эдийн засгийн арга хэмжээг сүүлийн саруудад эрчимжүүлээд байна. Шинэ хориг нь Ирантай бизнес эрхэлдэг гуравдагч орны санхүүгийн байгууллагуудад тавих АНУ-ын хязгаарлалт улам өргөжиж буйг харуулж байна.

АНУ ирэх даваа гарагт “томоохон банк”-нд хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг тус улсын Сангийн сайд Скотт Бессент пүрэв гарагт мэдэгдлээ. Тэрбээр аль улсын, ямар санхүүгийн байгууллагыг онилж буйгаа тодорхой хэлээгүй байна.
Бессент “Real America’s Voice” сувагт ярилцлага өгөхдөө есдүгээр сарын 11-ний халдлагад амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн шийдвэрээ даваа гарагт зарлана гэж тайлбарлав.
АНУ-ын шинэ арга хэмжээ нь Трампын засаг захиргаа Ирантай холбоотой санхүүгийн урсгалыг хязгаарлах бодлогоо эрчимжүүлж буй үед зарлагдахаар болж байна.
АНУ өмнө нь Египетийн хоёр дахь том банкны Дубай дахь салбаруудад хориг тавьсан бөгөөд тус банк Ираны талд 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө шилжүүлэх боломж олгосон гэж Вашингтон үзжээ.
Бессентийн мэдээлснээр Ираны талд санхүүжилт олгож байсан Туркийн хамгийн том банктай холбоотой үйл ажиллагааг мөн зогсоохоор төлөвлөж байна.
Хоёрдугаар сард Ойрх Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ Ираны эсрэг хэд хэдэн эдийн засгийн арга хэмжээ, хориг хэрэгжүүлсэн. Харин өнгөрсөн сард Трампын засаг захиргаа уг бодлогоо “Operation Economic Outcast” ажиллагааны хүрээнд өргөжүүлжээ.
Уг ажиллагаагаар 60 орчим байгууллага, хөлөг онгоц болон хувь хүнийг хоригийн жагсаалтад оруулсан байна. Үүний зэрэгцээ Ирантай тээвэр, технологи зэрэг салбарт бизнес эрхэлдэг гуравдагч талуудад үйлчлэх хоёрдогч хоригийн хамрах хүрээг нэмэгдүүлжээ.
Ирэх даваа гарагт зарлах банкны эсрэг арга хэмжээний цар хүрээ одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Вашингтон Ираны олон улсын санхүүгийн сувгийг хумихын зэрэгцээ тус улстай бизнесийн холбоотой гадаадын банк, компаниудыг хоригийн бодлогодоо түлхүү хамруулж эхэлснийг сүүлийн арга хэмжээнүүд харуулж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





