Аргентиний Ерөнхийлөгч Фолклендийн газрын тосны төслийг "онилж", хориг арга хэмжээ зарлалаа
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Фолклендийн арлуудыг “буцаан авах шаардлагатай” гэж мэдэгджээ. Тус бүсэд газрын тос олборлож буй компаниудад хориг арга хэмжээ авахаа зарлав. Гол бай нь Фолклендийн хойд хэсэгт хэрэгжиж буй “Sea Lion” төсөл бөгөөд эхний олборлолтыг 2028 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөжээ.

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей үндэсний телевизээр үг хэлэхдээ Фолклендийн арлууд Аргентинд харьяалагдана гэсэн олон жилийн байр суурийг дахин илэрхийлж, арлуудыг “буцаан авах шаардлагатай” гэж мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ Фолклендийн орчимд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй компаниудад хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурахаа зарласан нь маргааныг бодлогын бодит арга хэмжээний түвшинд хүргэв.
Милейгийн мэдэгдлийн "гол бай" нь Фолклендийн арлуудаас хойд зүгт ойролцоогоор 220 км зайд орших “Sea Lion” газрын тосны төсөл.
Израилын эрчим хүчний “Navitas Petroleum” компани төслийн 65 хувийг эзэмшиж, оператороор ажилладаг бол Их Британийн газрын тос, байгалийн хийн “Rockhopper Exploration” хамтран хөгжүүлж байгаа юм.
Төслийн эхний шатны өрөмдлөгийг 2027 оны эхээр эхлүүлж, эхний газрын тосыг 2028 оны эхний хагаст олборлохоор төлөвлөжээ.
Милей “Sea Lion” төслийг Аргентины газар нутгийн шаардлагад “бодит бөгөөд ойрын аюул” хэмээн тодорхойлж, Их Британи маргаант бүсийн байгалийн нөөцийг нэг талын шийдвэрээр ашиглаж байна гэж буруутгав. Тэрбээр газрын тосны компаниудад чиглэсэн хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн ч цэргийн ажиллагааны талаар яриагүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурь мөн анхаарал татлаа. Тэрээр Фолклендийн асуудлаар дахин мөргөлдөөн гарвал Их Британийг дэмжих эсэхээ тодорхой хэлээгүй бөгөөд Ираны дайнд Лондон Вашингтонд хангалттай туслаагүй гэж шүүмжилсэн байна. Трампын мэдэгдэл АНУ-ын Фолклендийн бүрэн эрхийн талаарх уламжлалт төвийг сахисан байр суурь өөрчлөгдөж болзошгүй гэх эргэлзээг нэмэгдүүлэв.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Уэс Стритинг Милейгийн мэдэгдлийг Аргентины дотоод улс төртэй илүү холбоотой гэж тайлбарлаж, Лондоны байр суурь өөрчлөгдөөгүйг онцоллоо. Тэрээр Фолклендийн оршин суугчид Их Британийн бүрэлдэхүүнд үлдэхийг өөрсдөө сонгосон бөгөөд тус арлуудын өмнө хүлээсэн Их Британийн үүрэг “туйлын бөгөөд ганхашгүй” хэвээр гэж мэдэгдэв.
Фолклендийн арлууд 1833 оноос Их Британийн хяналтад байгаа бөгөөд Аргентин 1982 онд арлуудыг эзлэн авснаар 74 хоног үргэлжилсэн дайн болсон юм. Харин одоогийн маргаанд газрын тосны олборлолт нэмэлт хүчин зүйл болж, олон жилийн газар нутгийн асуудлыг эрчим хүчний хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт болон зохицуулалтын эрсдэлтэй шууд холбож байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





