Иран: Ормузын хоолойд газрын тосны гурван танкер дэлбэрсэн
Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус Ормузын хоолойд газрын тос тээвэрлэж явсан гурван танкер тэсрэх бөмбөгт өртөн шатсан гэж мэдэгджээ.

Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус Ормузын хоолойд газрын тосны гурван танкер тэсрэх бөмбөгт өртөн шатсаныг мэдэгдлээ. Ираны талын мэдээлснээр, танкерууд АНУ-ын цэргийн хамгаалалт дор зорчиж явсан бөгөөд харин хөлөг онгоцнуудын нэр, эзэмшигч компани, тээвэрлэж явсан газрын тосны хэмжээ болон учирсан хохирлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тегеран худалдааны хөлөг онгоцуудыг зөвшөөрөгдсөн усан замаар нэвтрэхийг шаардаж, АНУ-ын цэргийн хамгаалалт далайн хөдөлгөөний журмыг мөрдөх шаардлагыг орлохгүй гэж мэдэгджээ.
Ормузын хоолой дахь аюулгүй байдлын нөхцөл байдал дордвол газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт тасалдах, далайн тээврийн болон даатгалын зардал нэмэгдэх эрсдэлтэй.
Шинжээч Грегори Брю Ормузын хоолой дахь Ираны довтолгоо эрчимжсэн тохиолдолд эрчим хүчний зах зээлийн одоогийн хандлага өөрчлөгдөж болзошгүй гэж мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн яам Ираны валют арилжааны байгууллагууд, халхавч компаниуд болон албан тушаалтнуудыг хамарсан шинэ хориг арга хэмжээ зарласан талаар мэдээлжээ. Тус яам уг арга хэмжээг Ираны олон улсын санхүүгийн далд сүлжээний үйл ажиллагааг тасалдуулах, санхүүгийн эх үүсвэрт нэвтрэх боломжийг хязгаарлах бодлогын нэг хэсэг гэж тодорхойлсон байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ираны эрх баригчдын санхүүгийн эх үүсвэрийг хязгаарлах ажиллагаа үргэлжилж байгааг онцолжээ. Ормузын хоолой дахь хурцадмал байдал болон Вашингтоны санхүүгийн шинэ хориг арга хэмжээ нь Ойрх Дорнодын геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





