Ажилтнууд хиймэл оюунаар боловсруулсан ажлаа булзааруулах болсон нь ажлын байрны үл итгэлцлийг дагуулж байна
Ажилтнууд хиймэл оюуныг ажлын хэрэгсэл болгон өргөн ашиглаж байгаа ч хамт олондоо үүнийгээ ил тод хэлэхээс зайлсхийх хандлага нэмэгдэж байна. “KPMG”-ийн 48,000 ажилтныг хамруулсан судалгаанд оролцогчдын 57 хувь нь хиймэл оюунаар боловсруулсан ажлыг өөрийн хийсэн мэт танилцуулж байснаа хүлээн зөвшөөрчээ. Хиймэл оюуны хэрэглээг нуух, нөгөө талаас хамтран ажиллагсдаа үндэслэлгүй хардах нөхцөл үүсч байгаа тул компаниудад тодорхой дүрэм, стандарт шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.

Хиймэл оюун ажлын байрны өдөр тутмын хэрэгсэл болж байгаа ч ажилтнуудын хооронд шинэ төрлийн үл итгэлцэл бий болгож эхэлжээ. Зарим ажилтан тайлан, цахим шуудан зэрэг ажлаа хиймэл оюуны тусламжтай боловсруулснаа булзааруулдаг бол нөгөө хэсэг нь хамтран ажиллагсдаа уг технологид хэт найддаг хэмээн хардах болсон талаар “The Wall Street Journal” есдүгээр сарын 13-нд мэдээлэв.
Нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний “KPMG” компанийн 48,000 ажилтныг хамруулсан судалгаагаар оролцогчдын 57 хувь нь хиймэл оюунаар боловсруулсан ажлыг өөрийн хийсэн мэт танилцуулж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Ажилтнууд хиймэл оюуныг идэвхтэй ашиглаж байгаа ч үүнийгээ ил тод хэлбэл удирдлага болон хамт олон нь тэднийг залхуу, эсвэл мэргэжлийн ур чадвар дутмаг гэж үнэлэхээс болгоомжилж байгааг судалгаа харуулсан байна.
Үүний зэрэгцээ хиймэл оюун ашигласан эсэхийг зөвхөн бичгийн хэв маягаар таамаглах нь ажилтны гүйцэтгэлийг буруу үнэлэх эрсдэлтэй байгааг шинжээчид онцолж буй. “The Wall Street Journal”-ийн эш татсан судалгаагаар хүмүүс тухайн ажлыг хиймэл оюун ашиглан боловсруулсан эсэхийг дунджаар ердөө 50-54 хувийн нарийвчлалтай зөв тодорхойлж байжээ. Өөрөөр хэлбэл хүний таамаглал дангаараа найдвартай шалгуур болж чадахгүй байна.
Мэргэжилтнүүд ажлын байран дахь үл итгэлцлийг бууруулахын тулд компаниуд хиймэл оюуны хэрэглээний хил хязгаарыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, ямар ажилд хиймэл оюун ашиглаж болох, ямар тохиолдолд хориглох, мөн хиймэл оюуны оролцоог хэзээ ил тод мэдээлэх ёстойг байгууллагын хэмжээнд тогтоох нь зүйтэй гэж зөвлөжээ.
Түүнчлэн хиймэл оюуны хэрэглээний дүрэм, стандартыг ажилтнуудад тогтмол танилцуулах нь технологийн хэрэглээг нуух шалтгааныг багасгаж, ажлын гүйцэтгэлийг илүү бодитой үнэлэх нөхцөл бүрдүүлэх боломжтойг мэргэжилтнүүд онцолсон байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





