“Back to Starbucks”: Мянга гаруй кафег засварлаж, дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ
“Back to Starbucks” төлөвлөгөөний хүрээнд тус компани тусгай орчин, үйлчилгээний стандартыг сайжруулж байна. Сүүлийн есөн сарын хугацаанд 1,000 гаруй салбараа шинэчилж, нэг дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ. Богино хугацааны сурталчилгаанаас илүү хэрэглэгчийн өдөр тутмын туршлагыг сайжруулахад анхаарна.

АНУ-ын кофены сүлжээ “Starbucks” компани кафены тохижилт, үйлчилгээний чанарыг сайжруулах замаар бизнесийн өсөлтөө сэргээх “Back to Starbucks” төлөвлөгөөгөө үргэлжлүүлж байна. Тус сүлжээний гүйцэтгэх захирал Брайан Никколын удирдаж буй шинэчлэл нь богино хугацааны борлуулалтын кампанит ажлаас илүүтэй салбар нэг бүрийн орчин, ажилтны үйлчилгээ болон хэрэглэгчийн өдөр тутмын туршлагад төвлөрчээ.
Тус компани үйлчлүүлэгчид кафе бүрд ижил түвшний үйлчилгээ, тухтай орчин мэдрэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.
1,000 гаруй салбарыг шинэчилжээ
“Starbucks” сүүлийн есөн сарын хугацаанд 1,000 гаруй кафед засвар, шинэчлэл хийж, ирэх санхүүгийн жилд дахин олон мянган салбарыг хамруулахаар төлөвлөжээ.
Шинэчлэлийн ихэнх нь томоохон бүтээн байгуулалт бус, суудлын тоог нэмэх, гэрэлтүүлгийг зөөлрүүлэх зэрэг харьцангуй энгийн өөрчлөлтөөс бүрдэж байна. Тус компани ийм шийдлүүдээр кафенуудыг илүү тухтай, удаан суухад таатай орчин болгохыг зорьжээ.
Дэлгүүрийн орчны шинэчлэлтэй зэрэгцэн “Starbucks” ажилтнуудын үйлчилгээний стандартаа ч сайжруулж эхлэв. Тус компани бариста нарт зориулсан “Green Apron Service” үйлчилгээний сургалтын хөтөлбөрөө жил гаруйн өмнөөс хэрэгжүүлж, хэрэглэгчид үзүүлэх чанарыг дээшлүүлэхэд анхаарчээ.
Никкол пүрэв гарагт ажилтнуудад илгээсэн дотоод бичигтээ “Starbucks”-ийг дэлхийн хамгийн шилдэг хэрэглэгчийн үйлчилгээтэй компаниудын нэг болгох зорилго тавьснаа дурдсан байна.
Борлуулалтын өсөлт сэргэж эхлэв
Кафены шинэчлэл болон үйлчилгээний өөрчлөлтийн үр дүн компанийн санхүүгийн үзүүлэлтэд илэрч эхэлжээ. “Starbucks”-ийн нэг дэлгүүрийн борлуулалт санхүүгийн жилийн гуравдугаар улиралд 7.9 хувиар өссөн бөгөөд гол хэсгийг АНУ-ын зах зээл бүрдүүлсэн байна.
Никколын хэлснээр компанийн бизнес эргэн өсөлтийн чиглэлд шилжиж, ашигт ажиллагаа сайжирч эхэлжээ. Тэрбээр сүүлийн үеийн өөрчлөлтүүд “Starbucks”-ийн урт хугацааны гүйцэтгэлийн суурийг бүрдүүлж байна гэж тайлбарлав.
Хөрөнгө оруулагчид ч Никколын шинэчлэлийн үр дүнг анхааралтай ажиглаж байна. Түүнийг 2024 онд “Starbucks”-ийн дараагийн гүйцэтгэх захирлаар зарласнаас хойш компанийн хувьцааны ханш ойролцоогоор 30 хувиар өсчээ. Харин өргөн зах зээлийг илэрхийлдэг S&P 500 индексийн ханш мөн хугацаанд 42 хувиар нэмэгдсэн байна.
Ингэснээр “Starbucks”-ын зах зээлийн үнэлгээ сэргэсэн ч өргөн хүрээний зах зээлийн өсөлтөөс хоцорсон хэвээр байна.
Ирэх санхүүгийн жилд олон мянган салбарыг дахин шинэчлэхээр төлөвлөсөн тул “Back to Starbucks” нь нэг удаагийн кампанит ажил бус, кафе болон дэлгүүр тус бүрийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн туршлагыг өөрчлөх урт хугацааны хөтөлбөр болж байна.
Холбоотой мэдээ

Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн зэрлэг амьтад суурьшлын бүсэд нэвтрэх нь ихэссэн тул хуш модны самар түүхийг хоригложээ
Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүсэд үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байна. Хуш модны самар нь ойн зарим зэрлэг амьтдын чухал идэш тэжээл юм. Ургац муу үед хүн нэмж самар түүх нь байгалийн хүнсний нөөцийг улам багасгах эрсдэлтэй.

Сургуулийн үдийн хоолны цэсэнд таван цулыг сард нэг удаа өгөхөөр оруулжээ
Энэ төрлийн бүтээгдэхүүнээр хоол хийх технологийн туршилт, сургалтыг сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд хийжээ. Зарим сургуулийн бэлтгэл, боловсруулалтын чанар олон нийтийн шүүмжлэл дагуулж байгааг Боловсролын яам нягталж байгаа аж. Гэвч түүхий эдийг сургуульд татан авах үед үнэр гарах, эсвэл боловсруулалт зэрэгт анхаарахгүй бол таагүй ойлголт төрүүлж болзошгүй.

Д.Трампын шахалтаар “Bombardier” үйлдвэрээ АНУ-д төвлөрүүлэх үү, эсвэл Канаддаа үлдэх үү?
Дональд Трамп Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч “Bombardier” компани үйлдвэрлэлээ тус улсад шилжүүлэх ёстой гэж мэдэгдэв. Трампын мэдэгдэл Канад АНУ-ын 700 гаруй нэр төрлийн бараанд нийт 20 тэрбум ам.долларын хариу тариф хэрэгжүүлэхийн өмнөхөн гарлаа. Хоёр улсын худалдааны маргаан хурцадсанаар үйлдвэрлэгчдэд хүнд сорилт тулгарч байна.

“Volkswagen” 100,000 хүртэлх ажлын байр танах түүхэн бүтцийн өөрчлөлтөө урагшлуулна
Европын автомашин үйлдвэрлэгч “Volkswagen”-ийн ТУЗ зардлаа бууруулах, 100,000 хүртэлх ажлын байрыг хамарч болзошгүй бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг санал нэгтэй дэмжжээ. Удирдлага, үйлдвэрчний эвлэл болон томоохон хувьцаа эзэмшигч Доод Саксони мужийн хооронд тохиролцоонд хүрснээр компанийн 89 жилийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлт урагшлах боломж бүрдэв. Гэхдээ ажлын байрны цомхотголыг үйлдвэрчний эвлэлтэй дахин хэлэлцэх шаардлагатай бөгөөд Германы үйлдвэрүүдэд ажил хаялт өрнөх эрсдэл хэвээр байна.