“Volkswagen” 100,000 хүртэлх ажлын байр танах түүхэн бүтцийн өөрчлөлтөө урагшлуулна
Европын автомашин үйлдвэрлэгч “Volkswagen”-ийн ТУЗ зардлаа бууруулах, 100,000 хүртэлх ажлын байрыг хамарч болзошгүй бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг санал нэгтэй дэмжжээ. Удирдлага, үйлдвэрчний эвлэл болон томоохон хувьцаа эзэмшигч Доод Саксони мужийн хооронд тохиролцоонд хүрснээр компанийн 89 жилийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлт урагшлах боломж бүрдэв. Гэхдээ ажлын байрны цомхотголыг үйлдвэрчний эвлэлтэй дахин хэлэлцэх шаардлагатай бөгөөд Германы үйлдвэрүүдэд ажил хаялт өрнөх эрсдэл хэвээр байна.

Европын томоохон автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” группийн ТУЗ компанийн 89 жилийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг санал нэгтэй дэмжлээ. Төлөвлөгөөний хүрээнд 100,000 хүртэлх ажилтны ажлын байр хөндөгдөж болзошгүй бөгөөд удирдлагууд үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, Европ дахь илүүдэл хүчин чадлаа багасгах шаардлагатай гэж үзэж байна.
Дэлхий даяар 650,000 гаруй ажилтантай “Volkswagen” Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлогын нөлөөгөөр ашгийн түвшин нь хумигдаж буй үед бүтцийн өөрчлөлтөө эрчимжүүлж байгаа юм.
Гэвч ажлын байр танах, Германы дөрвөн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох боломжийг багтаасан төлөвлөгөө нь компанийн томоохон хувьцаа эзэмшигч Доод Саксони муж болон үйлдвэрчний эвлэлийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байв.
Лхагва гарагт Вольфсбург дахь “Volkswagen”-ийн төв байранд компанийн гүйцэтгэх захирал Оливер Блуме, ТУЗ-ийн дарга Ханс Дитер Пётч болон Доод Саксони мужийн Ерөнхий сайд Олаф Лис нар хэлэлцээ хийсэн гэж уулзалтын талаар мэдээлэлтэй дөрвөн эх сурвалж “Reuters”-т мэдээлжээ.
Тэдэнтэй “Volkswagen”-ийн ажилчдын зөвлөлийн тэргүүн Даниэла Кавалло болон Германы хамгийн том үйлдвэрчний эвлэл “IG Metall”-ийн тэргүүн, группийн ТУЗ-ийн дэд дарга Кристиане Беннер нар хэлэлцээнд оролцсон байна.
Үүнээс нэг өдрийн өмнө “Volkswagen”-ийн гүйцэтгэх удирдлага ажлын байр танах төлөвлөгөөг ТУЗ дэмжихгүй бол хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Ийм хурлаар ТУЗ-ийг тойрон гарч цомхотголын төлөвлөгөөг батлуулах, зарим бизнесийн нэгжийг тусдаа бүтэц болгох боломжийг удирдлагууд авч үзсэн байна.
Эх сурвалжууд уг хувилбарыг “цөмийн сонголт” хэмээн тодорхойлжээ. Хэрэв талууд тохиролцоонд хүрээгүй бол олон жил үргэлжлэх хууль эрх зүйн маргаан үүсэж, компанийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй байсан аж.
“Шийдэлд хүрээгүй бол учрах хохирлын хэмжээг төсөөлөхөд бэрх байх байлаа” гэж хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалжийн нэг нь “Reuters” агентлагт ярьжээ.
Талуудын тохиролцоогоор “Volkswagen”-ийн удирдлага ажлын байр танах төлөвлөгөөгөө урагшлуулах боломжтой болсон бол суудлын автомашин болон эд ангийн бизнесүүдийг тусдаа хуулийн этгээд болгох саналыг үндсэндээ хойшлуулсан байна.
Ийнхүү тусдаа компани байгуулах төлөвлөгөө хойшилсноор “Volkswagen”-ийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч Доод Саксони муж групп дэх нөлөөгөө сулруулах эрсдэлээс зайлсхийжээ. Мужийн удирдлага өмнө нь 50,000 ажлын байр танах бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг эсэргүүцэж байсан бөгөөд Блуме долоодугаар сард ижил төстэй санал хураалтад дэмжлэг авч чадаагүй юм.
“IG Metall” ч хэдхэн хоногийн өмнө ажлын байрны цомхотголын эсрэг “бүхий л хүчээрээ” тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байв.
Гэсэн хэдий ч пүрэв гарагийн өглөө гэхэд талууд буулт хийж, “Volkswagen” ТУЗ-ийн хурлаа төлөвлөснөөс нэг өдрийн өмнө хуралдуулжээ. ТУЗ бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг санал нэгтэй дэмжсэний дараа сүүлийн таван жилийн хугацаанд ханш нь дөрөвний нэг орчим түвшинд хүртлээ унаад байсан “Volkswagen”-ийн хувьцааны ханш өссөн байна.
“Volkswagen”-ийн Гүйцэтгэх захирал Оливер Блуме Европ дахь үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулахгүйгээр компанийг сэргээх боломжгүй гэсэн байр суурийг удаан хугацаанд илэрхийлж ирсэн.
Германы Эмден, Цвиккау, Неккарзульм болон Ханновер дахь дөрвөн үйлдвэрийн цаашдын хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Ирэх арван жилд одоогийн үйлдвэрлэл нь үе шаттай буурсны дараа үйлдвэрүүдийг өөр салбарын үйлдвэрлэлд шилжүүлэх эсвэл худалдах хувилбарууд яригдаж буйг эх сурвалжууд мэдээлжээ.
Гэхдээ ТУЗ-ийн шийдвэрээр бүтцийн өөрчлөлт бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Ажлын байрны цомхотголыг үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцэн тохирох шаардлагатай тул Германы үйлдвэрүүдэд ажил хаялт өрнөх боломж хэвээр байна. Үүний зэрэгцээ Хятадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн болон АНУ-ын тарифтай холбоотой сорилтууд үргэлжилж буй.
“Тодорхойгүй байдал хэвээр үлдэнэ. ‘Volkswagen’-ийн гүйцэтгэх удирдлага тодорхой төлөвлөгөөгөө хурдан танилцуулсны дараа л арилна” гэж эх сурвалжийн нэг нь онцолжээ.
Холбоотой мэдээ

“Back to Starbucks”: Мянга гаруй кафег засварлаж, дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ
“Back to Starbucks” төлөвлөгөөний хүрээнд тус компани тусгай орчин, үйлчилгээний стандартыг сайжруулж байна. Сүүлийн есөн сарын хугацаанд 1,000 гаруй салбараа шинэчилж, нэг дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ. Богино хугацааны сурталчилгаанаас илүү хэрэглэгчийн өдөр тутмын туршлагыг сайжруулахад анхаарна.

Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн зэрлэг амьтад суурьшлын бүсэд нэвтрэх нь ихэссэн тул хуш модны самар түүхийг хоригложээ
Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүсэд үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байна. Хуш модны самар нь ойн зарим зэрлэг амьтдын чухал идэш тэжээл юм. Ургац муу үед хүн нэмж самар түүх нь байгалийн хүнсний нөөцийг улам багасгах эрсдэлтэй.

Сургуулийн үдийн хоолны цэсэнд таван цулыг сард нэг удаа өгөхөөр оруулжээ
Энэ төрлийн бүтээгдэхүүнээр хоол хийх технологийн туршилт, сургалтыг сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд хийжээ. Зарим сургуулийн бэлтгэл, боловсруулалтын чанар олон нийтийн шүүмжлэл дагуулж байгааг Боловсролын яам нягталж байгаа аж. Гэвч түүхий эдийг сургуульд татан авах үед үнэр гарах, эсвэл боловсруулалт зэрэгт анхаарахгүй бол таагүй ойлголт төрүүлж болзошгүй.

Д.Трампын шахалтаар “Bombardier” үйлдвэрээ АНУ-д төвлөрүүлэх үү, эсвэл Канаддаа үлдэх үү?
Дональд Трамп Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч “Bombardier” компани үйлдвэрлэлээ тус улсад шилжүүлэх ёстой гэж мэдэгдэв. Трампын мэдэгдэл Канад АНУ-ын 700 гаруй нэр төрлийн бараанд нийт 20 тэрбум ам.долларын хариу тариф хэрэгжүүлэхийн өмнөхөн гарлаа. Хоёр улсын худалдааны маргаан хурцадсанаар үйлдвэрлэгчдэд хүнд сорилт тулгарч байна.