Баян-Өлгий аймагт болж буй талцал, маргаантай холбоотой 17 гомдлыг ХЭҮК хүлээн авчээ
ХЭҮК-д ирүүлсэн гомдолд Урианхай, Тува болон казах иргэдийн хооронд үүссэн гэх нийгмийн хуваагдал, хүний эрхийн асуудлыг хөндсөн байна. Комисс гомдлыг шалгаж, шаардлагатай асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээ мэдэгдлээ. Баян-Өлгий аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлэх ажлын хэсэг байгуулжээ.

Баян-Өлгий аймагт сүүлийн үед үүссэн нийгмийн талцал, үндэстэн хоорондын харилцаатай холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс 15 иргэнээс 17 гомдол, мэдээлэл хүлээн авсан талаар мэдээллээ.
Ирүүлсэн гомдлуудад Урианхай, Тува болон казах иргэдийн хооронд үүссэн гэх нийгмийн хуваагдал, иргэдийн эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг хөнджээ.
ХЭҮК холбогдох гомдол, мэдээллийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж байгаа бөгөөд шаардлагатай гэж үзсэн асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаагаа тайлбарлав.
Мөн Баян-Өлгий аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь бодитоор үнэлэх зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн үнэлгээ болон шалгалтын үр дүнгийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгий аймагт үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд орж, цахим орчинд талуудын байр суурь зөрсөн мэдээллүүд түгээд байгаа юм.
Үндэстэн хоорондын харилцаатай холбоотой асуудал нь нийгмийн эмзэг сэдэв тул цахим орчинд тархаж буй мэдээллийг баталгаатай эх сурвалжаар нягтлах, иргэдийн эрх зөрчигдсөн эсэхийг албан ёсны шалгалтаар тогтоох нь нөхцөл байдлыг бодитоор үнэлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





