Дэлхийн томоохон эм үйлдвэрлэгчид хиймэл оюун эм нээх эхний шатны хугацааг хоёр дахин хүртэл богиносгож байна гэв
GSK, Novartis, Eli Lilly, Novo Nordisk, AstraZeneca, Sanofi зэрэг эмийн аварга компаниуд хиймэл оюун шинэ молекул бүтээж, эмнэлзүйн туршилтад шилжүүлэх хугацааг тал хүртэл хувиар богиносгож байгааг Reuters-т ярьжээ.

Хиймэл оюун энэ онд дэлхийн хамгийн том эмийн компаниудын эм нээх эхний шатны ажлыг эрчимжүүлж, шинэ молекул бүтээж эмнэлзүйн туршилтад шилжүүлэх хугацааг тал хүртэл хувиар богиносгосныг Reuters агентлаг 11-р сарын 20-нд эдгээр компанийн тэргүүлэх эрдэмтдээс иш татан мэдээллээ.
GSK, Bristol Myers Squibb, Novartis, Eli Lilly, Novo Nordisk, AstraZeneca, Sanofi компаниуд хиймэл оюуныг зохицуулалтын баримт бичиг бэлтгэх зэрэг энгийн ажлаас давж, молекулын загвар зохион бүтээх, хамгийн ирээдүйтэйг нь шалгаруулах, аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлоход ашиглаж байна. “Эм нээхээс эхлээд хөгжүүлэх хүртэлх үйл явцын аль ч хэсэгт бид хиймэл оюун ашиглаж байна” гэж AstraZeneca-гийн удирдах ажилтан Шэрон Барр хэлжээ.
Бодит үр дүн
- Sanofi астмын эмчилгээнд зориулсан lunsekimig эмийг хөгжүүлэхдээ хиймэл оюунд тулгуурласан аргаар тунгийн сонголтын нэг судалгааг алгасаж, дор хаяж нэг жил хэмнэжээ.
- Novo Nordisk шинэ молекулыг зохион бүтээх, үйлдвэрлэх, турших мөчлөгийн тоог наймаас гурав болгон бууруулж, мөчлөг тус бүрийн хугацааг найман долоо хоногоос дөрөв болгожээ.
- Novartis-ийн хувьд төсөл эхлүүлснээс эмийн нэр дэвшигч гаргах хүртэлх дундаж хугацаа гурван жилээс 18 сар–2 жил болж буурсан байна.
- Bristol Myers хадуур эсийн цус багадалтын эмийн нэг нэр дэвшигчээ хиймэл оюунгүйгээр бүтээх боломжгүй байсан гэж мэдэгджээ.
Anthropic өрсөлдөгч үү, түнш үү?
Энэ долоо хоногт хувьцаагаа олон нийтэд санал болгосон Anthropic эм нээх чиглэлд идэвхтэй орж ирж, өөрийн лаборатори нээгээд, Claude Science нэртэй судалгааны программ хангамж танилцуулсан. Компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей хиймэл оюун эмнэлзүйн туршилт, лабораторийн судалгааны үйл явцыг ихээхэн хурдасгана гэж үздэг. Харин Eli Lilly-ийн TuneLab-ийг удирддаг Ализа Эппл хиймэл оюун бүх өвчнийг эмчилнэ гэх мэдэгдлүүд одоогийн боломжоос хэтэрсэн гэж үзэн, “Эхлээд нэгийг нь эмчилчихээд, дараа нь бусдынх нь тухай ярья” гэжээ.
Эм үйлдвэрлэгчдийн байр суурь ч ялгаатай: GSK Anthropic-ийг “бас нэг өрсөлдөгч” гэж харж байгаа бол Bristol Myers, Novo Nordisk түнш гэж үзэж байна. Novo Nordisk болон Sanofi өөрсдийн өмчийн мэдээллийг хиймэл оюуны лабораториудад загвар сургахад өгдөггүй аж. Гэвч хиймэл оюун ашиглан бүтээсэн эмийн тоо эмнэлзүйн туршилтад аажмаар л нэмэгдэж байгаа бөгөөд энэ оны 3-р сарын байдлаар 69 компанийн 129 нэр дэвшигч бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





