"COP26"-аас хойш дөрвөн жил: Нүүрсний санхүүжилт хумигдалгүй, сул бодлоготой зах зээлд төвлөрчээ
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн COP26 бага хурал 2021 онд Шотландын Глазго хотод болсноос хойш дулааны нүүрсний санхүүжилт огт буураагүйг шинжлэн судалжээ. 2022-2025 онд бүртгэгдсэн 467 тэрбум ам.

Дэлхийн томоохон банкууд дулааны нүүрсний салбарт жилд дунджаар 117 тэрбум ам.долларын санхүүжилт олгодог байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн COP26 бага хурал 2021 онд Шотландын Глазго хотод болсноос хойш энэхүү хэмжээ огт буураагүйг Германы байгаль орчны төрийн бус “Urgewald” байгууллагын шинэ судалгаа харууллаа.
Тус байгууллага дулааны нүүрсний нийлүүлэлтийн сүлжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниудад олгосон зээл болон үнэт цаас гаргахад үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийг судалж, дэлхийн 744 арилжааны банкны гүйлгээг шинжилжээ.
2022-оос 2025 онд нүүрсний салбарт нийт 467 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноос Хятадын банкууд 289 тэрбум ам.доллар буюу 62 хувийг нь бүрдүүлсэн байна. АНУ-ын банкууд нийт дүнгийн 14, Японы банкууд 6 хувийг эзэлжээ.
БНХАУ-ын банкуудын нүүрсний санхүүжилт бараг бүхэлдээ дотоодын компаниудад чиглэсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд санхүүгийн үйлчилгээний CITIC 38 тэрбум ам.доллараар тэргүүлсэн бол “China Merchants Bank” 22 тэрбум, “Industrial Bank Company” 18 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна.
Хятадын банкууд өнгөрсөн жил нүүрсний салбарын санхүүжилтээ 75 тэрбум ам.долларт хүргэсэн нь 2022 оны 69 тэрбум ам.доллартай харьцуулахад 8 хувийн өсөлт болжээ.
Харин Европын Холбоонд төвтэй банкуудын жилийн санхүүжилт 2022 оны 4.8 тэрбум ам.доллараас 2025 онд 2.6 тэрбум ам.доллар болж, 46 хувиар буурсан байна.
Тэгвэл Их Британийн банкууд эсрэг чиглэлд хөдлөв. Тус улсын банкуудын нүүрсний санхүүжилт дөрвөн жилийн хугацаанд 17 хувиар нэмэгдсэн бөгөөд “Barclays” 5.7 тэрбум ам.долларын санхүүжилтээр Европын банкуудыг тэргүүлэв. “HSBC”-ийн жилийн санхүүжилт мөн хоёр дахин өсч, 414 сая ам.долларт хүрсэн байна.
Харин “NatWest” нүүрсний салбарт олгох зээлээ Их Британид 2024 он гэхэд, дэлхийн хэмжээнд 2030 он гэхэд үе шаттай зогсоох зорилт зарласны дараа санхүүжилтээ хоёр дахин бууруулжээ.
АНУ-ын томоохон банкуудын санхүүжилт өсөв
АНУ-ын банкуудын нүүрсний салбарт олгосон жилийн санхүүжилт 2022 оны 13.6 тэрбум ам.доллараас 2025 онд 16.7 тэрбум ам.доллар болж, 23 хувиар нэмэгджээ.
“Bank of America” 2025 онд санхүүжилтээ 62 хувиар өсгөж 2.3 тэрбум ам.долларт хүргэсэн бол “JPMorgan Chase” 45 хувиар нэмэгдүүлж 2.2 тэрбум ам.доллар болгожээ. “Wells Fargo”-ийн үзүүлэлт мөн 59 хувиар өсч, 1.9 тэрбум ам.долларт хүрлээ.
Азийн бусад зах зээлд чиг хандлага харилцан адилгүй байна. Малайзын банкууд 2025 онд нүүрсний санхүүжилтээ 88 хувиар бууруулж, 92 сая ам.доллар болгожээ. “Urgewald” байгууллага уг бууралтыг тус улсын дөрвөн том банк 2020-оос 2022 онд нүүрсний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосонтой холбон тайлбарлав. Тайландын банкуудын санхүүжилт 74, Тайванийнх 53 хувиар тус тус буурсан байна.
Харин Индонезийн банкуудын санхүүжилт 64 хувиар нэмэгдэж, 2.3 тэрбум ам.долларт хүрчээ. Өмнөд Солонгост мөн 2022 оны 830 сая ам.долларын үзүүлэлт 2025 онд 1.75 тэрбум ам.доллар болж хоёр дахин давжээ. Судалгаанд дурдсанаар уг өсөлтийн тодорхой хэсэг нь нүүрс болон байгалийн хийн хэрэглээ өндөр хэвээр байгаа төрийн өмчит цахилгаан эрчим хүчний KEPCO компанитай холбоотой аж.
Банкны бодлого санхүүжилтийн чиглэлийг өөрчилж байна
Японд нүүрсний санхүүжилтийн 80 орчим хувийг “Mizuho Financial Group”, “Mitsubishi UFJ Financial Group”, “Sumitomo Mitsui Financial Group” гэсэн гурван том санхүүгийн групп бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ тус улсын олон жижиг банк нүүрсний салбар дахь санхүүжилтээ танасан байна.
Энэтхэгийн банкууд 2025 онд нүүрсний санхүүжилтээ 19 хувиар бууруулж, 2.8 тэрбум ам.доллар болгожээ. Гэхдээ Энэтхэг шинэ нүүрсний цахилгаан станцын төлөвлөсөн хүчин чадлаар дэлхийд хоёрдугаарт хэвээр байгааг “Urgewald” тэмдэглэв. Нөгөө талд тус улс сүүлийн хоёр жилийн хугацаанд нар, салхины эрчим хүчний 88 ГВт шинэ хүчин чадал нэмсэн нь нүүрсний 14 ГВт шинэ хүчин чадлаас ойролцоогоор зургаа дахин өндөр үзүүлэлт юм.
Судалгааны дүнгээр нүүрсний санхүүжилтийн нийт хэмжээ харьцангуй тогтвортой байгаа мэт харагдавч мөнгөний урсгалын газарзүйн төвлөрөл өөрчлөгдөж байна. Нүүрсний санхүүжилтийг хязгаарласан зах зээлд банкнуудын оролцоо буурч байгаа бол бодлого сул эсвэл хязгаарлалтгүй санхүүгийн байгууллагуудын эзлэх жин нэмэгджээ.
“Нүүрсний санхүүжилт алга болохгүй, харин нүүрсний бодлого сул газруудад банк улам төвлөрч байна” хэмээн “Urgewald”-ын захирал Хеффа Шүкинг онцолжээ.
Тус байгууллага нийт санхүүжилтийн хэмжээ төдийлөн өөрчлөгдөөгүй гэх ерөнхий дүр зургаас илүүтэй нүүрсний салбар дахь санхүүжилтээ нэмэгдүүлсээр байгаа банкуудад хөрөнгө оруулагчид болон зохицуулагчид анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
Холбоотой мэдээ

Энэ намар Улаанбаатарт 1.3 сая мод суулгана
Нийслэлд намар есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл мод тарихаар төлөвлөжээ.

Говийн уурхайн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах аукцион эхэллээ
Төслийн хүрээнд Говийн бүсийн уурхайнуудын жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгааны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Аукционы үнийн дээд хязгаарыг 9.7 ам.цент/кВт.

Энэтхэгт сэргээгдэх эх үүсвэр оргил ачааллын тал хувийг давж, сүлжээний шахалтыг ил гаргав
Энэтхэгт сэргээгдэх эрчим хүч оргил ачааллын талыг түр давж, шилжилтийн хурд бодитой болсныг харууллаа Суулгасан сэргээгдэх хүчин чадал 300 ГВт болж, нийт 552 ГВт-ын 54 хувьд хүрснээр зорилтоо таван…

Богдхан ууланд анхны экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтоолоо
Хотжилт, авто болон төмөр зам, хашаа байгууламжаас шалтгаалан халиун буга, бор гөрөөс зэрэг амьтдын Туул гол руу нэвтрэх хөдөлгөөн хумигдаж, осол болон бусад эрсдэл нэмэгдэж байна. Экологийн гарцыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр байгуулах юм. Энэ нь амьтдын амьдрах орчны холбоосыг сэргээж, зам тээврийн ослын эрсдэлийг бууруулна гэж албаныхан онцоллоо.

Монголын говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх үнэлгээ хийжээ
Олон улсын байгаль хамгаалах холбоо IUCN-ийн шинжээчид есдүгээр сарын 6-14-нд Говийн их болон бага дархан цаазат газарт ажиллаж, байгалийн онцлог, хамгаалалтын менежментийг үнэлжээ. Монголын говь нь мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин юм. Дэлхийн өвд бүртгүүлэх нь тус бүс нутгийн хамгаалалтыг олон улсын түвшинд бэхжүүлэх зорилготой.

Японд зуун настны тоо анх удаа 100 мянгыг давж, төрөлт түүхэн доод түвшинд хүрчээ
Зуун настны 94,298 буюу 87.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 13,379 нь эрэгтэй бөгөөд жилийн өмнөхөөс 7,914-өөр нэмэгджээ. Өнгөрсөн онд нийт төрөлтийн коэффициент 1.14 болж, түүхэн доод түвшинд хүрчээ. Тус улсын хүн ам 2020 оны 126.2 саяас 2070 онд ойролцоогоор 87 сая болж буурах төлөвтэй байна.