Технологийн компаниуд "Ногоон ирээдүй" гэх сүржин амлалтаасаа ухарч эхэллээ
Сүүлийн дөрвөн жилд хүлэмжийн хийн ялгарал нь хоёр дахин өссөн “Meta” компани 2030 онд нүүрстөрөгчийн ялгарлаа тэглэх зорилтоосоо ухарч, хугацааг нь хойшлуулахаар болов. Хоёр зуун тэрбум ам.

Цахиурын хөндийн технологийн аварга компаниуд сүүлийн арван жилийг “ногоон” ирээдүйн тухай сүржин амлалт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн манлайллаар чимж ирсэн билээ. Гэвч хиймэл оюуны эрэлт хяналтаас гарсан гал мэт дүрэлзэж эхлэхэд тэрхүү төгс төгөлдөр төлөвлөгөөнүүд бодит байдлын өмнө хүчин мөхөстөж эхэллээ.
Үүний хамгийн тод жишээ нь “Meta” компани 2030 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг тэглэх зорилтоо биелүүлэх боломжгүй болсноо 2026 оны тогтвортой хөгжлийн тайландаа хүлээн зөвшөөрсөн алхам юм. Шинэ тодорхой хугацаа зарлалгүй орхисон энэхүү шийдвэр нь зөвхөн нэг компанийн төлөвлөгөөний өөрчлөлт бус, харин хиймэл оюуны эрин үеийн эрчим хүчний цангаа байгаль орчны зорилтуудыг хэрхэн шахан гаргаж буйн дохио болж байна.
"Ойрын болон дунд хугацааны зорилтуудаа дахин үнэлж байна" Тус компанийн дата төв хариуцсан дэд ерөнхийлөгч Рэйчел Петерсон, тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан дэлхийн захирал Блэйр Свидийн нар тайлангийн оршилдоо одоогийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдалд нийцүүлэн ойрын болон дунд хугацааны зорилтуудаа дахин үнэлж буйгаа учирлажээ.
Нэгэн цагт дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том худалдан авагчдын нэг явсан “Meta”-ийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалт сүүлийн дөрвөн жилд хоёр дахин нэмэгдсэн нь нөхцөл байдал хэр хурдацтай өөрчлөгдсөнийг илтгэнэ. Бүр ч анхаарал татам нь, 2024–2025 оны хооронд зөвхөн дата төвүүдийнх нь ялгарал 12 гаруй дахин огцом өссөн бөгөөд энэ тоонд Луизиана мужид сүндэрлэж буй аварга том “Hyperion” төслийн үзүүлэлт хараахан багтаагүй байгаа юм.
Компанийн удирдлагуудын тайлбарлаж буйгаар анх цэвэр эрчим хүчний зорилтоо дэвшүүлэхдээ тогтвортой өсөлт, сэргээгдэх эрчим хүчний зардал буурах зүй тогтлыг тооцоолсон боловч хиймэл оюуны дэд бүтцийн эрэлт арван жилээр бус улирлаар хэмжигдэх хурдаар тэлж, салбарын түүхэнд үзэгдээгүй бүтээн байгуулалт өрнүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Цаашид байгалийн хийн түлш ашиглана Энэхүү асар их эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд “Meta” хоёр зуун тэрбум ам.доллароос давсан өртөгтэй дата төвийн дэд бүтцэдээ байгалийн хийг түших сонголт хийлээ.
Луизианагийн “Hyperion” төсөл дээр байгалийн хийн цахилгаан станцад олон тэрбум ам.доллар цутгах болсон нь тус компанийг арван жилийн турш гишүүнээр нь явсан “RE100” сэргээгдэх эрчим хүчний корпорацын санаачилгаас өнгөрсөн долдугаар сард гарахад хүргэсэн юм.
Тус байгууллагаас сэргээгдэх эрчим хүчний тайлагналд тавих шаардлагаа чангатгамагц талууд зам салсан нь томоохон корпорацууд цэвэр эрчим хүчний хатуу хэмжүүрээс хэрхэн зугтаж буйг харууллаа.
Байгалийн хий ашиглах нь "нүүрэн дээрээ" зөв сонголт Хэдийгээр байгалийн хий нь нүүрстэй харьцуулахад илүү цэвэр шаталттай ч дамжуулах хоолойн алдагдлыг тооцвол уур амьсгалд үзүүлэх сөрөг нөлөө нь өндөр хэвээр байдаг. Түүгээр ч зогсохгүй тогтмол хэмнэлээр ажиллах зориулалттай хийн турбин нь ачааллаас хамааран огцом хэлбэлздэг хиймэл оюуны дата төвүүдийн хэрэглээнд төгс зохицохгүй тул нэмэлт батарей хуримтлуурын өндөр зардал дагуулах сул талтай.
Нөгөө талд АНУ-ын эрчим хүчний зах зээлд урт хугацааны хуримтлуурын технологи болон газрын гүний дулааны эрчим хүч цоо шинэ шатанд гарч байна. “Fervo”, “Mazama”, “Quaise” зэрэг шинийг санаачлагч компани хэдэн арван гигаваттын хүчин чадлыг нээхээр эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд 2030-аад оны дунд үе гэхэд байгалийн хийтэй үнэ өртгөөрөө бүрэн өрсөлдөх төлөвтэй байгаа юм.
Хамгийн гол нь энэхүү дотоодын цэвэр эх үүсвэр нь геополитикийн хямрал, тухайлбал Ираны дайны үеэр байгалийн хийн зах зээлд тулгарч буйтай адил нийлүүлэлтийн сүлжээний сааталд өртөхгүй дархлаатай гэдгээрээ стратегийн давуу талтай. Гэвч хиймэл оюуны өрсөлдөөнд хором ч алдахыг хүсээгүй “Meta” технологийн энэхүү шинэ давлагааг хүлээхийг урьтал болгосонгүй.
Сайн дурын уур амьсгалын амлалтаасаа ийнхүү ухарсан нь “Meta” компанийг зөвхөн байгаль орчны тэмцэгчдийн шүүмжлэлд өртүүлээд зогсохгүй, технологийн салбарт бүхэлд нь хатуу зохицуулалт тогтоох нэг шалтгаан болж байна. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн санаачилгаар дэвшүүлсэн “цэвэр тэг” зорилтууд ашиг сонирхлын өмнө хэрхэн замхарч буйг харсан олон нийтийн итгэлцэл ч суларч эхэллээ. Хиймэл оюуны төлөөх уралдаанд ялахын тулд технологийн гигантууд ирээдүйн ногоон амлалтаа золиосолж буй энэ үзэгдэл нь орчин цагийн бизнесийн ертөнц дэх хамгийн хурц зөрчилдөөнийг ил болгож байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





