Нөмрөгийн ан амьтдыг өвс, тэжээлээр хангахад Засгийн газраас 629 сая төгрөг зарцуулна
Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, Нөмрөгийн дархан цаазат газрын ан амьтдыг идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэхээр шийдвэрлэжээ.

Засгийн газар Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн дараа ан амьтдыг өвс, тэжээлээр хангах биотехникийн арга хэмжээнд нөөц сангаасаа 629 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна. Уг ажлыг яаралтай зохион байгуулах чиглэлийг Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт өгсөн талаар салбарын сайд Ц.Сандаг-Очир арваннэгдүгээр сарын 4-нд мэдээлэв.
Судалгааны багийн мэдээллээр түймэрт өртөөгүй үлдсэн хэсэгт ан амьтдын нягтаршил нэмэгдсэн тул хүйтрэхээс өмнө идэш тэжээлийн хомсдолоос сэргийлж, долоон цэгт өвс, тэжээл байрлуулах зураглал гаргасан байна.
Түймрийн хохирлыг үнэлэх хээрийн судалгаанд ажилласан 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарт ирж, эхний тайлангаа яамны удирдлагад танилцуулсан бол эцсийн дүгнэлтийг арваннэгдүгээр сарын 16-ны дотор гаргахаар болжээ.
2022 онд төрийн бус байгууллагаас Нөмрөгт хийсэн ан амьтдын судалгаанд тулгуурлан 14 мянган туурайтан амьтан байх боломжтой гэж үзсэн байна. Мөн Нөмрөгтэй холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, эзэн холбогдогчоор нөхөн төлүүлэхээр ажиллаж байгаа гэв.
Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, залуучууд хандив, тусламж үзүүлье гэсэн санаачилга гарч байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам судлан, Онцгой комиссын дэргэд сан байгуулж, аймаг нь зохион байгуулалтаа хариуцан ажиллах бүрэн боломжтой гэж тайлбарласан байна.
Эрдэмтэн, судлаачдын зүгээс цаашид Дорнод, Халхгол, Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт судалгаа, мониторингийн төв байгуулах шаардлагатай гэсэн санал гаргажээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





