Суурь тэтгэвэр 2-3 хоногийн дараа ч дансанд орох магадлалтайг анхаарууллаа
Суурь тэтгэврийг Улсын төсвөөс санхүүжүүлж байгаа тул үндсэн тэтгэврээс тусад нь, банкны шилжүүлгийн дарааллаар олгож байгааг холбогдох байгууллагууд мэдээллээ.

2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн зохих шаардлагыг хангасан иргэдэд суурь тэтгэвэр нэмж олгохоор болсон ч зарим иргэний дансанд нэмэгдэл нь шилжээгүй байгаа талаар мэдээлэл гараад байна.
Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас суурь тэтгэврийн шилжүүлэг нь тэтгэвэр авагчийн банк болон бүртгэлтэй хаягаас шалтгаалан хоёр, гурав хоногийн дараа дансанд нь орж магадгүйг мэдээлсэн байна.
Тус яамны тайлбарласнаар суурь тэтгэвэр нь улсын төсвөөс санхүүжиж байгаа тул иргэдийн сар бүр авдаг үндсэн тэтгэврээс тусдаа шилжиж, Улсын төсвөөс санхүүжилт орж ирсний дараа тэтгэвэр авагчдын дансанд олгож байгаа аж.
Суурь тэтгэврийн хэмжээ иргэн бүрд харилцан адилгүй
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр суурь тэтгэврийн хэмжээг нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэлтэй өгөгдөлд тулгуурлан иргэн тус бүрээр тооцоолон олгож байна.
Иймээс суурь тэтгэврийн нэмэгдэл нь бүх иргэнд ижил хэмжээтэй олгогдохгүй бөгөөд тухайн иргэний мэдээлэл, тооцооллоос хамааран харилцан адилгүй байх аж.
Мөн тэтгэвэр олгодог банкуудын шилжүүлгийн дарааллаас шалтгаалан зарим иргэний дансанд мөнгө хараахан ороогүй байгааг тайлбарлав.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас суурь тэтгэвэр авах эрхтэй бүх иргэнд нэмэгдлийг нь дарааллаар шилжүүлэхээ мэдэгдсэн байна.
Суурь тэтгэврийн тооцооллоо “E-Mongolia”-аас шалгах боломжтой
Иргэд 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн “E-Mongolia” цахим системээр дамжуулан суурь тэтгэврийн тооцооллыг шалгах боломж бүрдсэн байна.
Харин суурь тэтгэврийн нэмэгдэл дансанд нь ороогүй, эсвэл шилжүүлгийн талаар тодруулах шаардлагатай иргэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 11-328030 дугаарын 304 дотуур утсаар холбогдож мэдээлэл авах боломжтойг албаныхан онцоллоо.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





