Ирэх сарын 1-нээс ахмадуудын суурь тэтгэвэрт ₮96.3 тэрбумыг зарцуулна
Тэтгэвэр авагч бүрийн нэмэгдлийг тэтгэвэр тогтоолгосон нөхцөл, төлсөн шимтгэлтэй нь уялдуулан тооцохоор байна.

Суурь тэтгэвэр олгох бэлтгэл ажил дуусч, арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээллээ.
Төсвийн тодотголд суурь тэтгэврийг эхний сард 96.3 тэрбум төгрөгийг тусгасан байна. Нэмэгдлийг тэтгэвэр авагч бүрд ижил хэмжээгээр олгохгүй, тухайн иргэний тэтгэвэр тогтоолгосон нөхцөл, шимтгэл төлсөн хугацаа болон холбогдох мэдээлэлд үндэслэн тооцохоор төлөвлөжээ.
Тэтгэвэр авагч бүрийн нэмэгдэл харилцан адилгүй байна Суурь тэтгэврийн зохицуулалт нь өндөр настнуудын орлогыг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтөөс үүдэлтэй санхүүгийн дарамтыг бууруулахад чиглэж байна. Гэхдээ нэмэгдлийн хэмжээ иргэн бүрийн хувьд ялгаатай байх тул бүх тэтгэвэр авагч тодорхой нэг ижил дүнгээр тэтгэврээ нэмүүлэхгүй аж.
Хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна Тэтгэврийн нэмэгдэлтэй зэрэгцэн Засгийн газар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах арга хэмжээг төлөвлөжээ.
Энэ хүрээнд мах, хүнсний ногоо, улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан бол ахмад настнуудын эмийн хүртээмжийг сайжруулах асуудалд анхаарч байгаа аж.
Хүнсний нөөц бүрдүүлэх нь нийлүүлэлтийн тасалдал, улирлын чанартай үнийн хэлбэлзлийг бууруулахад чиглэж байгаа ч бодит үр дүн нь нөөцийн хэмжээ, зах зээлд нийлүүлэх хугацаа болон зохион байгуулалтаас хамаарна.
Холбоотой мэдээ





