Батлан хамгаалахын технологид оруулах хувийн хөрөнгө оруулалт оны эхний есөн сард $4 тэрбумд хүрч, 2024 оноос найм дахин өсчээ
Батлан хамгаалахын технологийн компаниудад хийсэн хувийн хөрөнгө оруулалтын сангуудын өсөлтийн шатны хөрөнгө оруулалт оны эхний есөн сард 4 тэрбум ам.долларт хүрч, 2024 оны бүтэн жилийн 500 сая ам.

Улс орнуудын батлан хамгаалахын зардал нэмэгдэж, геополитикийн хурцадмал байдал өсөхийн хэрээр хувийн хөрөнгө оруулалтын сангууд тус салбарын технологийн компаниудад олон тэрбум ам.доллар зарцуулж эхэлжээ. Өмнө нь тогтвортой орлоготой, үйл ажиллагаа нь төлөвшсөн компаниудыг худалдан авахад төвлөрдөг байсан эдгээр сан сүүлийн жилүүдэд өндөр өсөлттэй, харьцангуй залуу технологийн компаниудад хөрөнгө оруулах болсон байна. “PitchBook”-ийн мэдээллээр батлан хамгаалахын салбар дахь хувийн хөрөнгө оруулалтын сангуудын өсөлтийн шатны хөрөнгө оруулалтын хэлцлийн тоо 2024 онд 15 байсан бол 2025 онд 31, 2026 оны эхний есөн сард 48 болж нэмэгджээ. Түүнчлэн ийм төрлийн хөрөнгө оруулалт 2024 онд батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын хэлцлийн нийт үнийн дүнгийн ердөө 3 хувийг эзэлж байсан бол энэ онд 41 хувьд хүртэл өссөн байна. “PitchBook”-ийн аж үйлдвэрийн салбарын ахлах шинжээч Жим Корридорын үзэж буйгаар хувийн хөрөнгө оруулалтын сангууд өмнө нь венчур хөрөнгө оруулагчдын давамгайлж байсан зах зээлд улам идэвхтэй нэвтэрч байгаа аж.
Хөрөнгө оруулагчид үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч байна Батлан хамгаалахын технологийн компаниудын хувьд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхээс гадна түүнийг үйлдвэрлэлийн томоохон хүчин чадалд шилжүүлэх санхүүжилт чухал болжээ. Тухайлбал, автомат ажиллагаатай дрон, пуужингийн довтолгооноос хамгаалах систем, хиймэл дагуулын технологи зэрэг чиглэлд эрэлт нэмэгдэж байгаа ч венчур хөрөнгө дангаараа компаниудын өргөжилтийг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа юм. Түүнчлэн хуулийн үйлчилгээний “White & Case” фирмийн Их Британийн батлан хамгаалахын 250 компанийн удирдах түвшний шийдвэр гаргагчдыг хамруулсан судалгаагаар оролцогчдын 97 хувь нь ирэх 12 сарын хугацаанд компанидаа их хэмжээний гаднын санхүүжилт татахаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын хувийн хөрөнгө оруулалтын “Advent International” сан гуравдугаар сард шинэ үеийн батлан хамгаалахын технологид нэг тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулахаа зарласан. Үүнд автономит систем хөгжүүлэгч “Shield AI”, “Saronic” зэрэг компани багтсан бөгөөд тус сан зарласан хөрөнгийнхөө 75 орчим хувийг хэдийн зарцуулаад байна. “Advent International”-ийн удирдах түнш Шоннел Малани энэ талаар хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэж, бодитоор туршигдсан технологитой компаниудыг сонгон хөрөнгө оруулж байгааг онцолжээ. Үүний зэрэгцээ Францын “Weinberg Capital Partners” сан ашигтай ажилладаг, тогтсон хэрэглэгчтэй батлан хамгаалахын ханган нийлүүлэгчдэд төвлөрсөн хэвээр байна. Тус сан Европын жижиг үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээн дэх компаниудыг нэгтгэх боломжийг эрэлхийлж буй.
Хөрөнгө оруулалтын хөөс үүсэх эрсдэл нэмэгдэв Хөрөнгийн урсгал эрчимжсэнээр батлан хамгаалахын технологийн компаниудын үнэлгээ бодит орлого, ашиг, мөн захиалгын хэмжээнээс илүү ирээдүйн технологийн боломжид тулгуурлах хандлага ажиглагдаж байна. Шоннел Малани зарим компанийн үнэлгээ “үндэслэлгүй өндөр түвшинд” хүрсэн тул “Advent International” сан хэд хэдэн боломжит хөрөнгө оруулалтаас татгалзсаныг мэдээлжээ. Түүний үзэж буйгаар технологийн боломжоо арилжааны амжилт болгож чадаагүй компаниудын үнэлгээ цаашид буурах эрсдэлтэй байгаа юм. Харин “PitchBook”-ийн Жим Корридор салбарын хөрөнгө оруулалт бүхэлдээ “хэт хөөрөгдсөн” гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Батлан хамгаалахын төсөв нэмэгдэж зэвсэг, сумны нөөцийг нөхөн бүрдүүлэх хэрэгцээ өсөн, дрон болон дроны эсрэг шинэ технологи нэвтэрч байгаа нь хөрөнгө оруулагчдад урт хугацааны орлогын боломж бий болгож буйг тэрбээр тайлбарлажээ.
Хөрөнгө оруулалтын өгөөж тодорхойгүй хэвээр байна Хэдийгээр батлан хамгаалахын технологийн компаниудад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн ч хөрөнгө оруулагчид эзэмшлээ зарж, өгөөжөө бодитоор хүртэх нь хүндрэлтэй хэвээр байна. Тодруулбал, “PitchBook”-ийн мэдээллээр 2021 оноос хойш тус салбарт хувийн хөрөнгө оруулалтын 504 хэлцэл хийгдсэн бол компани дахь эзэмшлээ зарж, хөрөнгө оруулалтаа цуцлах 101 хэлцэл бүртгэгджээ. Түүнчлэн энэ оны эхний есөн сард хөрөнгө оруулалтаас гарах хэлцлийн нийт үнийн дүнгийн 70 хувийг компаниудын IPO эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид эзэмшлээ бусдад худалдахаас гадна компаниа хөрөнгийн биржид гаргах замаар мөнгөө эргүүлэн авах шаардлагатай болж байгаа юм. Гэвч хөрөнгийн зах зээл уналттай үед IPO хийх нь ашиггүй алхам болохоос гадна хөрөнгө оруулсан мөнгөө эргүүлэн татах боломж хумигдах эрсдэл тулгарч байна.
Холбоотой мэдээ





