Хүүхдүүдийн дунд шүд цоорох, цус багадалт түгээмэл оношлогджээ
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1 хүртэл улсын хэмжээнд зохиогдож байна.

Улсын хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг ид үргэлжилж байна. Аравдугаар сарын 1-нд эхэлсэн уг үзлэг арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээнд хамруулах зорилготой.
Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр, эрт илрүүлгийг нэг удаагийн аян бус, жил бүр зохион байгуулах тогтолцоо болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“Энэ нь жил бүрийн арга хэмжээ болно. Эрт илрүүлэгт цэцэрлэгийн гурван настан, 1, 6, 9, 12 дугаар ангийнхан хамрагдана” гэж тэрбээр тодотголоо.
Амны хөндийн өвчлөл, цус багадалт анхаарлын төвд байна
Цэцэрлэгийн гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр шүд цоорол болон амны хөндийн үрэвсэлт өвчлөл түгээмэл илэрч байгааг “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Батсүрэн өгүүлэв.
Эдгээр нь хүүхдийн хооллолт, өсөлт хөгжил болон өдөр тутмын эрүүл мэндийн дадалд анхаарах шаардлагатайг харуулав. Тухайлбал, шүд цоорол нь хүүхдийн хооллох, зажлах үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй бол цус багадалт нь шалтгаанаасаа хамааран өсөлт хөгжил, идэвхтэй байдалд нөлөөлөх эрсдэлтэй.
Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үр дүн нь зөвхөн өвчлөлийг илрүүлэхээс гадна шаардлагатай хүүхдүүдийг нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, эмчилгээнд цаг алдалгүй хамруулах ач холбогдолтой. Мөн эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, амны хөндийн эрүүл ахуй, зохистой хооллолтын дадал чухал байгааг мэргэжилтнүүд онцлов.
Холбоотой мэдээ





