“SoftBank” Малайзад 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ
Японы технологийн хөрөнгө оруулалтын “SoftBank Group” компани Малайзын хиймэл оюун, шинэ технологи, дата төвийн салбарт 50 тэрбум ам.

Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимын мэдээлснээр Японы “SoftBank Group” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Масайоши Сон тус улсад 50 тэрбум ам.долларын технологийн хөрөнгө оруулалт хийх байршлуудаа сонгожээ.
Талууд аравдугаар сарын 20-нд цахимаар уулзсан бөгөөд хөрөнгө оруулалтыг Саравак мужийн Кучинг хот болон Малайзын хойгийн бүсүүдэд төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Уг төсөл нь хиймэл оюун, шинэ технологи, дата төвийн дэд бүтцийг хамрахаар бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээг одоогоор зарлаагүй байгаа юм.
Уг хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь “SoftBank”-ийн Зүүн Өмнөд Азид хиймэл оюуны дэд бүтцээ өргөжүүлэх стратегитай уялдаж буй. Одоогоор тус компани АНУ-ын Охайо мужид 500 тэрбум ам.долларын дата төвийн төсөлд оролцож байгаа бол Францад 75 тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Үүнээс өмнө аравдугаар сарын 8-нд “SoftBank” технологийн “Grab” болон Малайзын эрчим хүчний “Petroleum Sarawak Berhad” компаниудтай Саравак мужид хиймэл оюун, дижитал дэд бүтэц хөгжүүлэх боломжийг судлах суурь хэлэлцээр байгуулжээ.
Харин Малайз улс 2030 он гэхэд хиймэл оюуны хөгжлөөр тэргүүлэх зорилтынхоо хүрээнд дата төвийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж байна. Малайзын Хөрөнгө оруулалтын хөгжлийн газрын мэдээлснээр, 2021 оноос 2026 оны эхний хагас хүртэл дата төвтэй холбоотой батлагдсан хөрөнгө оруулалт 385.7 тэрбум ринггит буюу ойролцоогоор 94 тэрбум ам.долларт хүрчээ. Тус улсад “Amazon Web Services”, “Microsoft”, “Google” зэрэг компани дата төв, үүлэн технологийн дэд бүтцээ хөгжүүлж буй.
Анвар Ибрахимын үзэж буйгаар, шинэ хөрөнгө оруулалт нь Малайзын залуучуудад өндөр ур чадвар шаардсан ажлын байр бий болгох боломжтой юм. Мөн тус улсын Засгийн газар дата төвийн салбарт төвлөрсөн хөрөнгийг дотоодын компаниудын оролцоо, хиймэл оюуны хэрэглээ болон технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр болжээ.
Холбоотой мэдээ





