АНУ-ын 10 мужид өгөгдлийн төвийн бүтээн байгуулалтыг хязгаарлах асуудлаар санал хураана
Орон нутгийн иргэд дата төвүүдийн цахилгаан, усны өндөр хэрэглээ болон дэд бүтцэд үзүүлэх ачаалалд санаа зовниж байна.

Хиймэл оюуны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, дата төвүүдийн бүтээн байгуулалт тэлж буй энэ үед АНУ-ын орон нутгийн иргэд технологийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байна. Арваннэгдүгээр сарын 3-нд болох завсрын сонгуультай зэрэгцэн 10 мужийн 38 орон нутагт өгөгдлийн төвийн төслүүдийг хязгаарлах эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулахаар төлөвлөснийг “Reuters” мэдээлжээ.
Саналын хуудсанд дата төвийн шинэ төслүүдийг түр хойшлуулах, тодорхой нөхцөлд хориглох болон нэмэлт шаардлага тавихтай холбоотой 41-ээс доошгүй санал багтсан байна.
Орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн гол шалтгаан нь дата төвүүдийн цахилгаан, усны өндөр хэрэглээтэй холбоотой. Хиймэл оюуны системийг ажиллуулахад шаардагдах тооцоолох хүчин чадал нэмэгдэхийн хэрээр серверийн төхөөрөмжийг цахилгаанаар хангах, хөргөх дэд бүтцийн хэрэгцээ өсч байгаа нь эрчим хүч, усны нөөцөд нэмэлт ачаалал үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.
“Amazon”-ийн хоёр тэрбум ам.долларын төсөлд саад учирч болзошгүй
Дата төвийн зах зээл хурдацтай тэлж буй Охайо мужид энэ асуудлаар өргөн хүрээнд санал хураалт өрнөхөөр байна.
Тухайлбал, тус мужийн Санбери хотын сонгогчид 25 мегаваттаас дээш цахилгаан хэрэглэдэг өгөгдлийн төв байгуулахыг хориглох саналыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэрэв санал дэмжигдвэл “Amazon”-ийн төлөвлөсөн хоёр тэрбум ам.долларын дата төвийн төсөлд саад учирч болзошгүй.
Энэ нь технологийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зөвхөн санхүүжилт, технологийн хүчин чадлаас бус, орон нутгийн иргэдийн дэмжлэг болон дэд бүтцийн хүртээмжээс улам их хамаарч байгааг харуулав.
Бүтээн байгуулалт зургаан сарын дотор 48 хувиар өсчээ
Орон нутгийн эсэргүүцэл нэмэгдэж байгаа ч АНУ-ын дата төвийн зах зээлийн өсөлт одоогоор мэдэгдэхүйц саараагүй байна.
Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний “Cushman & Wakefield” компанийн мэдээлснээр АНУ-д баригдаж буй дата төвүүдийн нийт хүчин чадал 2025 оны арванхоёрдугаар сараас 2026 оны зургаадугаар сарын хооронд 48 хувиар нэмэгджээ.
Энэ нь хиймэл оюуны тооцоолол, үүлэн технологи болон мэдээлэл хадгалах үйлчилгээний эрэлт өндөр байгааг илтгэнэ.
Гэвч шинэ дата төвүүдийн цахилгаан, усны хэрэглээг хязгаарлах орон нутгийн шийдвэрүүд нэмэгдвэл төслийн зөвшөөрөл авах хугацаа уртсах, бүтээн байгуулалтын зардал өсөх, зарим хөрөнгө оруулалтыг өөр бүс нутагт шилжүүлэх шаардлага үүсч ч мэднэ.
Ийнхүү АНУ-ын өгөгдлийн төвийн салбарт хиймэл оюуны технологийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалт болон орон нутгийн эрчим хүч, усны нөөцийг хамгаалах шаардлагын хооронд зөрчил улам тодорч байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





