Хавдар судлалын хоёрдугаар төвийн гаднах зургаан га талбайн тохижилт дуусах дөхөж байна
Сонгинохайрхан дүүргийн нутагт баригдах Хавдар судлалын хоёрдугаар төвийн гаднах зургаан га талбайн тохижилт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн Хавдар судлалын хоёрдугаар төвийн гадна тохижилт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, 15 га газар хэрэгжих төслийн хүрээнд гаднах зургаан га талбайг тохижуулаад байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын мэдээлснээр 8,500 ам метр талбайг зүлэгжүүлж, 5,000 гаруй мод, бут сөөг тарьжээ.
Үүнээс 3,000 гаруй нь тарваган шийр, монос, агч зэрэг эмийн ургамлууд аж.
Зургаан га талбайд 3,680 ам метр явган хүний зам тавьжээ
Эмнэлгийн гадна тохижилтын хүрээнд 3,680 ам метр явган хүний зам тавьж, иргэд амрах зориулалттай сандал, чулуун тавцан, сүүдрэвч болон хүүхдийн тоглоомын байгууламжийг төлөвлөжээ.
Мөн хог хаягдлыг ангилан ялгах зориулалттай 76 ширхэг хогийн сав байрлуулсан байна.
Үүнээс гадна явган хүний гүүр, гадна гэрэлтүүлэг, камерын хяналтын систем болон тохижилтын талбайг үерийн эрсдэлээс хамгаалах 440 метр урт суваг байгуулах ажлыг тусгасан аж.
Эдгээр байгууламж нь эмнэлгээр үйлчлүүлэх иргэд, тэдний асран хамгаалагч болон ажилтнуудад зориулсан гадна орчны хүртээмж, аюулгүй байдал, амрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Арваннэгдүгээр сарын 15-нд тохижилтыг дуусгана
Гадна тохижилтыг дуусган энэ сарын 15-нд Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.
Тохижилтыг бүрэн дуусгасны дараа арчлалт, ашиглалтыг хариуцагч байгууллагад шилжүүлэх юм.
Харин шинээр тарьсан мод, бут сөөг болон эмийн ургамлын арчилгааг гурван жилийн баталгаат хугацаанд хэрэгжүүлэх асуудлаар холбогдох төрийн бус байгууллагатай хамтран ажиллах саналыг Эрүүл мэндийн яамтай тохиролцохоор төлөвлөжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





