Өмнөд Солонгос ирэх оны төсвөө түүхэн дээд түвшинд хүргэхээр төлөвлөж байна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён 2027 оны улсын төсвийн төслийг танилцуулж, хиймэл оюун болон ирээдүйн өсөлтийг дэмжих салбаруудад хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлэхээ мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён даваа гарагт Үндэсний ассамблейд үг хэлэхдээ 2027 оны улсын төсвийн төслийг танилцуулж, хиймэл оюун болон ирээдүйн өсөлтийг дэмжих салбаруудад хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлэхээ мэдэгдлээ.
Төсвийн нийт зарлагаа одоогийнхоос 12.8 хувиар өсгөж, 820.9 их наяд вон буюу 610.14 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр дүн болж байна.
Хиймэл оюун, хагас дамжуулагчийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ
Засгийн газар хагас дамжуулагч, биет хиймэл оюун болон хиймэл оюуны дата төвүүдэд 21.3 их наяд вон зарцуулахаар төлөвлөжээ. Биет хиймэл оюун гэдэг нь робот, үйлдвэрлэлийн төхөөрөмж зэрэг бодит орчинд ажилладаг системд хиймэл оюун ашиглах технологийг хэлнэ.
Үүнээс тусад нь 4.7 их наяд воныг үндэсний хиймэл оюуны загвар боловсруулахад хуваарилахаар тусгасан байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч И Жэ Мён уг загварын гүйцэтгэлийг дэлхийд тэргүүлэх болгох зорилт тавьснаа онцолжээ.
Технологийн хөрөнгө оруулалттай зэрэгцэн хүний нөөц бэлтгэхэд анхаарч, хагас дамжуулагчийн загвар зохион бүтээх болон бүс нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх 2,000 мэргэжилтэн сургахаар төлөвлөсөн байна. Мөн оюутан, ажил горилогч, одоо ажиллаж буй иргэдэд зориулсан хиймэл оюуны сургалтуудыг өргөжүүлэх юм.
Өмнөд Солонгост “Samsung Electronics”, “SK Hynix” зэрэг компанитай хамтарсан их сургуулийн тусгай хөтөлбөрүүд хэрэгждэг. Компаниуд сургалтын хөтөлбөр боловсруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шаардлага хангасан төгсөгчдийг ажилд авахад оролцдог бөгөөд оюутнууд төгсөхөөсөө өмнө ажлын байртай болох боломжтой аж.
Батлан хамгаалахын зардал 73.3 их наяд вонд хүрнэ
2027 оны төсвийн төсөлд батлан хамгаалах зардлыг 8.2 хувиар нэмэгдүүлж, 73.3 их наяд вонд хүргэхээр тусгажээ.
Ерөнхийлөгч И Жэ Мён хиймэл оюун, робот болон дронд суурилсан, хүн удирддаг, мөн хүний оролцоогүй системийг хослуулсан цэргийн хүчин байгуулахаа мэдэгдсэн байна. Төсөвт мөн залуучуудад чиглэсэн нийгмийн хамгааллын зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ тэрбээр төсвийн зарлага өсөх ч Засгийн газрын өр "бараг өсөхгүй" гэдгийг онцолж, цаашид шинээр гаргах бондыг өмнөх өр төлбөрийг барагдуулахад ашиглана гэдгээ мэдэгдэв.
Хагас дамжуулагчийн экспорт 259 хувиар өсчээ
Өмнөд Солонгосын Гаалийн албаны урьдчилсан мэдээллээр аравдугаар сард тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 93.7 хувиар өсч, 115.3 тэрбум ам.долларт хүрсэн нь тус сард бүртгэгдсэн дээд үзүүлэлт юм.
Экспортын өсөлтөд хагас дамжуулагчийн салбар голлон нөлөөлжээ. Тухайлбал, хагас дамжуулагчийн экспорт өмнөх оны мөн үеэс 259 хувиар нэмэгдэж, 56.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Дэлхийн технологийн компаниуд хиймэл оюуны дэд бүтцэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нь Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний эрэлтийг дэмжиж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





