Иргэн бүрийн нэрийн дансанд ₮306.1 мянга хуримтлагджээ: Хэзээнээс, юунд зарцуулах боломжтой вэ?
Иргэд 2030 оноос нэрийн дансны хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой байхаар зохицуулжээ.

Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын нэрийн дансанд 2025 оны эцсийн байдлаар нэг иргэнд 306.1 мянган төгрөгийн хуримтлал бүрджээ. Иргэд энэхүү хуримтлалыг 2030 оноос эрүүл мэнд, боловсрол болон орон сууцны хэрэгцээнд ашиглах боломжтой байхаар зохицуулсан.
"Үндэсний баялгийн сангийн тухай" хуульд зааснаар Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх, тэдний амьдралд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс нээж, байгалийн баялгаас бий болсон хөрөнгийг урт хугацаанд өсгөх тогтолцоог бүрдүүлснийг албаныхан онцолдог.
Тэгвэл Хуримтлалын нэрийн дансны хөрөнгийг 2030 он хүртэл хөрөнгө оруулалтын замаар өсгөж, сангийн хөрөнгийг арвижуулах юм.
Харин 2030 оноос иргэд нэрийн дансанд бүрдсэн хуримтлалаа хуульд заасан зориулалтаар буюу эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын зардал болон орон сууцны хэрэгцээнд ашиглах боломж бүрдэх аж.
Иргэд өөрийн болон 18 нас хүрээгүй хүүхдийнхээ нэрийн дансны үлдэгдэл, өгөөжийг “E-Mongolia” платформын профайл цэс дэх “Чингис хаан Үндэсний баялгийн сан” хэсгээс шалгах боломжтой.
Оюутолгойн ногдол ашгийг нэрийн дансанд хуримтлуулах санал давамгайлжээ
Засгийн газраас 2027 онд Оюутолгой төслөөс авах ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн дунд санал асуулга явуулсан.
Тус санал асуулгад оролцогчдын дийлэнх нь ногдол ашгийг Хуримтлалын нэрийн дансанд төвлөрүүлж, цаашид боловсрол, эрүүл мэнд болон орон сууцны урьдчилгаа төлбөрт ашиглахыг дэмжээд байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





