2027 оноос зуны цагийн тоололд шилжих УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, олон нийтийн санал авахаар “D.Parliament” платформд байршуулжээ.

Монгол Улсад 2027 оноос зуны цагийн тооллыг жил бүр тогтмол хэрэглэх УИХ-ын тогтоолын төслийг гишүүн Г.Хосбаяр боловсруулж, аравдугаар сарын 26-нд олон нийтийн санал авахаар “D.Parliament” платформд байршуулжээ.
Энэ нь байгалийн гэрэлтэй цагийг үр ашигтай ашиглах, иргэдийн ажил, амралтын зохистой хуваарийг дэмжих, дулааны улирлын эдийн засаг, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэж буйг төслийг санаачлагч тайлбарласан байна.
Гуравдугаар сард цагийг урагшлуулж, есдүгээр сард буцаана
Тогтоолын төсөлд 2027 оноос жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цаг тооллыг нэг цагаар урагшлуулахаар тусгажээ.
Харин есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт цагийг нэг цагаар буцааж, стандарт цагийн тоололд шилжүүлэхээр зохицуулсан байна.
Ингэхдээ байгууллагуудын ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг өөрчлөхгүй байхаар төлөвлөсөн байна.
Монгол Улс өмнө нь зуны цагийн тооллыг 1983, 1985 оны шийдвэрүүдээр хэрэгжүүлж байсан бол 2001, 2015 онд сэргээж, 2007, 2017 онд зогсоосон байна.
Энэ удаагийн төсөлд зуны цагийн тооллыг жил бүр шинээр шийдвэрлэх бус, урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэрэгжүүлэх зохицуулалт тусгажээ.
Төсөл санаачлагчийн үзэж байгаагаар зуны цагийн тоололд шилжсэнээр иргэд ажлын дараах гэрэлтэй цагийг гэр бүл, хүүхэд, спорт, амралт болон хувийн аж ахуйн үйл ажиллагаанд ашиглах боломж нэмэгдэнэ.
Мөн худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, соёл, амралтын салбарын үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ байгалийн гэрлийг түлхүү ашигласнаар гэрэлтүүлгийн цахилгаан хэрэглээг бууруулах боломжтой гэж үзжээ.
Гэхдээ зуны цагийн тооллын эдийн засгийн үр өгөөж, эрчим хүчний хэмнэлт нь тухайн улсын газарзүйн байршил, хэрэглээний бүтэц болон иргэдийн амьдралын хэв маягаас хамаардаг.
Цагийг өөрчилснөө 60-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ
Тогтоолын төсөлд цагийн өөрчлөлттэй холбоотой тээврийн хуваарь, мэдээллийн систем, ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тооцоо болон эрүүл мэндийн зөвлөмжийг уялдуулах ажлыг Засгийн газарт хариуцуулахаар тусгасан байна.
Мөн зуны цагийн тоололд анх шилжихээс 60-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд мэдээлж, цаашид цаг өөрчлөгдөх бүрд урьдчилан сануулах зохицуулалт оруулжээ.
Хэрэгжилтийн үр дүнг тогтмол үнэлж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавихаар төлөвлөсөн байна.
Цагийн өөрчлөлт нойрны хэмнэлд хэрхэн нөлөөлдөг вэ?
Зуны цагийн тооллыг сэргээх нь ажлын дараах гэрэлтэй цагийг нэмэгдүүлэх хэдий ч улирал тутам цагийг өөрчлөх нь хүний биологийн хэмнэл, нойр болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг олон улсын судалгаанууд харуулсан байдаг.
АНУ-ын Нойрны анагаах ухааны академи (AASM) 2024 онд улирлын чанартай цагийн өөрчлөлтийг зогсоож, стандарт цагийг жилийн турш мөрдөхийг зөвлөсөн байна. Тус байгууллагын тайлбарласнаар хүний биологийн цаг нь өглөөний гэрэл, оройн харанхуйтай уялдан ажилладаг тул цагийг зохиомлоор урагшлуулах нь нойр болон сэрэх мөчлөгт зөрүү үүсгэдэг гэж тайлбарлажээ. Мөн АНУ-ын уул уурхайн ослын мэдээллийг шинжлэхэд цагийн өөрчлөлтийн дараах ажлын эхний өдөр осол, гэмтлийн тохиолдол болон хүндрэлийн түвшин нэмэгдсэн байжээ.
Иймээс Монгол Улс зуны цагийн тооллыг дахин нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ эрчим хүчний боломжит хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжөөс гадна иргэдийн нойр, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөөг хамтад нь үнэлэх шаардлагатай.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





