Америкчуудын 73% нь эрүүл мэндийн даатгалд тураах эм багтсан эсэхээс шалтгаалан ажлаа сонгож байна
АНУ-д жин хасах зорилгоор GLP-1 төрлийн эм хэрэглэж буй насанд хүрэгчдийн эзлэх хувь 2024 оны 3 хувиас 2026 онд 11 хувь болж өссөнийг “Gallup”-ийн судалгаа харуулжээ.

АНУ-д жин хасах зориулалттай GLP-1 төрлийн эмийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, ажил олгогчдын эрүүл мэндийн даатгалын бодлогод шинэ сорилт үүсгэж байна. “Gallup”-ийн мэдээлснээр АНУ-ын нийт насанд хүрэгчдийн 11 хувь нь 2026 онд тураах эм хэрэглэж байгаа гэж хариулсан нь 2024 оноос 8 хувиар өссөн үзүүлэлт болж буй. Мөн АНУ-д 65-аас доош насны иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамгийн том эх үүсвэр нь ажил олгогчоос санхүүжүүлдэг даатгал юм. 2025 оны гуравдугаар сарын байдлаар 165 сая гаруй хүн ийм даатгалд хамрагджээ. Сонирхолтой нь “9amHealth” цахим эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагын 545 ажилтныг хамруулсан судалгаагаар америкийн ажил горилогчдын дунд тураах эмийг ажилтны эрүүл мэндийн даатгал хамруулсан эсэх нь ажлын байр сонгох нэг хүчин зүйл болж байгааг харуулжээ. Судалгаанд оролцогчдын 73 хувь нь эдгээр эмийг даатгалаар хариуцах эсэхийг ажилд ороход, мөн үргэлжлүүлэн ажиллахад чухал гэж үзсэн бол 31 хувь нь ийм хөнгөлөлт авахын тулд ажлаа солих боломжтой гэж хариулсан байна.
Тураах эмийн хэрэглээ өвчний улмаас чөлөө авах хугацааг бууруулж байна Үүний зэрэгцээ тураах эмийн хэрэглээ ажилтнуудын эрүүл мэндээс гадна хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж болохыг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Тодруулбал, АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний хорооноос долдугаар сард нийтэлсэн, Дани улсын өвчтөнүүдийг хамарсан судалгааны ажлын баримт бичигт тураах эмчилгээ нь ажилтнуудын 30 гаруй хоногийн хугацаагаар чөлөө авах хандлагыг 17.3 хувиар бууруулсан үр дүн гарчээ. Мөн судлаачдын тооцоолсноор ажилтнууд өвчний улмаас чөлөө авах хугацаа багассанаар Дани улсад эмчилгээ хийлгэж буй ажил эрхэлдэг нэг хүн тутамд ажил олгогч болон улсын төсөв жилд 722 орчим ам.доллартай тэнцэх зардал хэмнэх боломжтой байна. Харвардын их сургуулийн эдийн засагч Ребекка Даймондын хөндлөнгийн хяналтаар хараахан баталгаажаагүй судалгаанд тураах эм хэрэглэсэн ажилгүй эмэгтэйчүүдийн 18 сарын дараа ажилд орох магадлал эм хэрэглэхийг хүссэн ч хэрэглээгүй эмэгтэйчүүдийнхээс 26.9 хувиар өндөр гарчээ. Харин аль хэдийн ажил эрхэлж байсан эмэгтэйчүүдийн ажлын цаг болон албан тушаал ахих үзүүлэлтэд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй байна.
Компаниуд эмийн даатгалын хамрах хүрээнд өөр өөр бодлого баримталж байна АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” сүлжээ 2027 оноос ажилтнууддаа зориулан GLP-1 төрлийн эмийг багтаасан 250 гаруй төрлийн жороор олгодог эмийг нэмэлт төлбөргүй болгохоор төлөвлөжээ. Харин “Bank of America” банк ажилтнуудынхаа жин хасах зориулалттай эмийн зардалд жил бүр 250 сая гаруй ам.доллар зарцуулж байна. Гэвч бүх компани ижил бодлого баримтлахгүй байгаа юм. Тодруулбал, ашгийн бус “Business Group on Health” байгууллагаас оны эхээр 105 гишүүн ажил олгогчийг хамруулан явуулсан судалгаагаар оролцогчдын 60 хувь нь тураах эмийн зардлыг даатгалаар хариуцаж байжээ. Харин ийм хөнгөлөлт үзүүлдэг компаниудын 10 хувь нь 2027 онд уг хамрах хүрээг зогсоох магадлалтай гэж хариулсан байна. Тус байгууллагын гуравдугаар сарын судалгаанд оролцсон ажил олгогчдын 80 орчим хувь нь тураах эмийн хэрэглээ компанийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг өсгөж байгааг мэдээлжээ.
Эрүүл мэндийн даатгалын зардал 2027 онд 8.2 хувиар өсөх төлөвтэй байна Эрүүл мэндийн бодлогын судалгааны “KFF” байгууллагын аравдугаар сарын тайланд дурдсанаар АНУ-д ажил олгогчоос олгодог гэр бүлийн эрүүл мэндийн даатгалын жилийн дундаж өртөг 28,303 ам.долларт хүрч, өмнөх оноос 5 хувиар нэмэгджээ. Харин “Mercer”-ийн 1,800 гаруй ажил олгогчийг хамарсан судалгаагаар 2027 онд нэг ажилтанд ногдох эрүүл мэндийн даатгалын зардал дунджаар 8.2 хувиар өсөх төлөвтэй байна. Үүнээс нэг хувь нь тураах эмийн хэрэглээтэй холбоотой гэж тооцжээ. Өндөр өртөг нь ажилтнуудын хувийн санхүүд ч нөлөөлж байна. “Nationwide Retirement Institute”-ийн аравдугаар сарын судалгаагаар тураах эм хэрэглэгчдийн 51 хувь нь эмийн зардлаа төлөх, тэтгэврийн хуримтлалаа нэмэгдүүлэх хоёрын аль нэгийг сонгох шаардлагатай болж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





