Европын авиа компаниуд онгоцны тийзийн үнийг өсгөсөн ч түлшний зардлаа нөхөж чадахгүй нөхцөлд хүрэхээр байна
Ирландын хямд өртөгтэй агаарын тээврийн “Ryanair” компанийн гүйцэтгэх захирал Майкл О’Лири Европын нислэгийн тийзний үнэ 2027 онд 10–20 хувиар нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа.

Ирландын хямд өртөгтэй агаарын тээврийн “Ryanair” компанийн гүйцэтгэх захирал Майкл О’Лири CNBC-д өгсөн ярилцлагадаа Европын нислэгийн тийзний үнэ ирэх онд 10–20 хувиар өсч магадгүй талаар мэдээллээ. Түүний тайлбарласнаар газрын тосны ханш өндөр, мөн түлшний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх гэрээнүүдийн хугацаа дуусах дөхөж байгаа нь агаарын тээврийн компаниудын зардлыг нэмэгдүүлж байна.
“Ryanair” компанийн ашиг энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурч, 2.15 тэрбум евро буюу 2.3 орчим тэрбум ам.доллар болсон. Ашиг ийнхүү буурахад тус компанийн үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх гэрээнд тусгагдаагүй онгоцны түлшний 20 хувийн өртөг тайлант хугацаанд хоёр дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Майкл О’Лиригийн мэдээлснээр, онгоцны түлшний үнэ өдгөө баррель тутамдаа 170 ам.долларт хүрсэн бөгөөд Ойрх Дорнодын нөхцөл байдал шийдэгдээгүй хэвээр байна. Түлшний өндөр өртөг ирэх онд агаарын тээврийн компаниудын санхүүгийн зардалд илүү хүчтэй нөлөөлөх тул компаниуд нэмэгдсэн зардлынхаа тодорхой хэсгийг зорчигчдод шилжүүлэхээс өөр аргагүй болохоор байгаа юм.
“Ryanair” компанийн тооцоолсноор түлшний зардал ирэх онд 2 тэрбум еврогоор нэмэгдэхээр байгаа бөгөөд бүс нутгийн богино зайн нислэгийн тийзний үнийг өсгөсөн ч уг зардлыг бүрэн нөхөж чадахгүй аж. Иймээс компани зардлаа бууруулах шинэ арга хэмжээ боловсруулж эхэлсэн байна.
Тухайлбал, нислэгийн багийн хүнсний хангамжийг танах, цалингийн өсөлтийг түр хугацаанд царцаах боломжийг судлах, мөн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд хиймэл оюун ашиглах зэрэг арга хэмжээг авч үзэж байгаа аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





