Монголбанкнаас ₮4.8 их наядын хөрөнгө дутагдаж байгааг Засгийн газрын бондоор нөхнө
Монголбанкны өөрийн хөрөнгийн 4.8 их наяд төгрөгийн дутагдлыг ирэх таван жилийн хугацаанд Засгийн газрын тусгай зориулалтын үнэт цаасаар нөхөхөөр төлөвлөж байна. Монголбанкны ерөнхийлөгч С.

Монголбанкны өөрийн хөрөнгийн 4.8 их наяд төгрөгийн дутагдлыг Засгийн газрын тусгай зориулалтын бонд гаргах замаар ирэх таван жилд нөхөхөөр төлөвлөж байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүдэд мэдээлэл өглөө.
Монголбанк өнгөрсөн сард “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм.
С.Наранцогтын тайлбарласнаар Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай зориулалтын бондоор нөхөх нь олон улсын практикт хэрэглэгддэг арга бөгөөд Олон улсын валютын сан 2023 болон 2026 онд Монгол Улсад ийм зөвлөмж өгчээ.
Тэрбээр уг арга хэмжээг төсвийн алдагдал үүсгэхгүйгээр бүртгэлийн аргаар хэрэгжүүлэх боломжтой хэмээн тайлбарлав. Гэхдээ бондын хүү болон үндсэн төлбөрийг 2032 оноос улсын төсвөөс төлөх шаардлага үүсэхийг онцолсон юм.
Төв банкны төсвийн шинжтэй санхүүжилт 15.7 их наяд төгрөгт хүрчээ Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлснээр 2012 оноос эхлэн Төв банкнаас төсвийн шинжтэй санхүүжилтэд нийт 15.7 их наяд төгрөг зарцуулсан бөгөөд цэвэр дүн нь 5.4 их наяд төгрөг болжээ.
Үүнээс гадна ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд ашигласан “Эрдэнэс” бондын 870 тэрбум төгрөг, Засгийн газар болон Монголбанкны хооронд үүссэн 1.5 их наяд төгрөгийн өр төлбөрийн асуудал байгааг дурдав.
Экспортын орлого нэмэгдэж, эдийн засагт богино хугацааны илүүдэл мөнгөн хөрөнгө бий болсон үед Төв банкны үнэт цаас гарган зах зээлээс мөнгө татдаг. Харин энэ үйл ажиллагаа нь Төв банкны хүүгийн зардлыг нэмэгдүүлж байгааг С.Наранцогт тайлбарлалаа.
Түүний мэдээлснээр Монголбанкны төлж буй нийт хүүгийн зардлын талаас илүү хувийг Төв банкны үнэт цаасны хүү эзэлж байна. Мөн своп хэлцэл болон арилжааны банкуудын үлдэгдэлд төлөх хүүгийн зардал нэмэгджээ.
Инфляц сүүлийн 15 жилд зорилтот түвшиндээ таван удаа хүрчээ С.Наранцогтын мэдээлснээр сүүлийн 15 жилийн хугацаанд инфляц зорилтот түвшиндээ таван удаа багтсан бөгөөд 2021 оноос хойш зорилтот түвшнээс зөрөх хэмжээ нэмэгдсэн байна.
Тэрбээр Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэхгүй байх нь мөнгөний бодлогын хэрэгжилтийг хязгаарлаж, инфляцад дам нөлөө үзүүлдэг хэмээн тайлбарлав.
Мөн инфляцыг хязгаарлах арга хэмжээ авахгүй тохиолдолд үнийн өсөлтөөс шалтгаалсан төсвийн урсгал зардал хоёр, гурав дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж анхааруулжээ.
Иймд Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөх төлөвлөгөө нь зөвхөн төв банкны санхүүгийн тайланг сайжруулах бус, мөнгөний бодлогын хэрэгжилт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой гэж С.Наранцогт мэдэгдлээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





