“Apollo” Европын зах зээлд €10 тэрбумаас дээш дүнгээр зээл олгох боломжтой платформ бүтээлээ
АНУ-ын хөрөнгө оруулалтын менежментийн “Apollo Global Management” компани Европын зах зээлд 10 тэрбум еврогоос дээш буюу 11.2 орчим тэрбум ам.

АНУ-ын хөрөнгө оруулалтын менежментийн “Apollo Global Management” компани Европын хувийн зээлийн зах зээлд үйл ажиллагаа явуулах “European Credit Company” платформыг байгууллаа. Тус платформ нь хэрэглэгчдэд 10 тэрбум еврогоос дээш зээл олгох боломжтой бөгөөд Европын бизнесүүд болон бодит хөрөнгөөр баталгаажсан санхүүжилтийн хэрэгцээг хангахад чиглэж байна.
"European Credit Company" нь томоохон болон дунд хэмжээний компаниудад зээл олгохоос гадна хөрөнгөөр баталгаажсан зээл, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчдэд зориулсан санхүүжилтийг хамрах юм. Ингэхдээ зээлийн гэрээний дагуу хэвийн төлөгдөж буй өрийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Шинэ платформын гүйцэтгэх захирлаар Жакомо Петробелли, ТУЗ-ийн даргаар Кристиан Майсснер ажиллахаар томилогдсон байна. Петробеллигийн хэлснээр "European Credit Company" нь дэлхийн зах зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг ашиглан Европт үүсээд буй урт хугацааны өсөлтийн санхүүжилтийн хэрэгцээг хангах зорилготой аж.
Абу Дабигийн хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв Компанийн стратегийн хөрөнгө оруулагчдын нэг нь Абу Дабигийн хөрөнгө оруулалтын "ADIC" зөвлөл юм. Мөн “Apollo” компани Абу Дабигийн төрийн өмчит хөрөнгө оруулалтын “Mubadala Investment Co.” компанийн охин компани болох “Mubadala Capital”-ийн 10 орчим хувийг худалдан авахаар тохиролцсоноос долоо хоногийн дараа шинэ платформоо зарлажээ.
Үүний зэрэгцээ "ADIC"-ээс гадна Европын даатгалын “Athora”, Японы “Norinchukin Bank”, Их Британийн “Standard Chartered” болон АНУ-ын зээлийн үйлчилгээ үзүүлэгч “Aranda Principal Strategies” компаниуд стратегийн түншээр оролцож байна.
Эрчим хүч, батлан хамгаалах, дэд бүтцийн санхүүжилтэд анхаарна “Apollo Global Management”-ийн ерөнхийлөгч Жим Зелтерийн мэдээлснээр дэлхийн үйлдвэрлэлийн шинэчлэл нь томоохон санхүүжилтийн хэрэгцээ бий болгож байгаа бөгөөд Европт эрчим хүчний шилжилт, цахилгаан дамжуулах сүлжээ, батлан хамгаалах болон дижитал дэд бүтцийн салбарт уг хэрэгцээ онцгой өндөр байна.
Энэ хүрээнд "European Credit Company" нь Европын зах зээлд дагнан ажиллаж, орон нутгийн байгууллагуудтай урт хугацааны харилцаа тогтоох, төрөл бүрийн зээлийн хэрэгсэл ашиглан санхүүжилтийн уян хатан шийдэл санал болгохыг зорьж байгаа аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





