Дэлхийн хулангийн 80 хувь Монголд нутагладаг ч бэлчээр нь хумигдаж байна
Монгол Улсад 90–91 мянган толгой хулан нутаглаж байна. Арменийн Ереван хотод болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын COP17 хурлын үеэр Монгол Улс хулан хамгаалах туршлагаа танилцууллаа.

Монгол Улсад дэлхийн хулангийн 80 орчим хувь буюу 90–ээс 91 мянган толгой хулан нутаглаж байгаа ч төмөр зам, авто зам, хилийн хашаа зэрэг дэд бүтцийн байгууламжууд хулангийн нүүдэлд саад учруулж байгаа нь тулгамдсан асуудал болж байна.
Энэ асуудлыг Арменийн нийслэл Ереван хотод аравдугаар сарын 19–нөөс 30-нд зохион байгуулж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Монгол Улс олон улсын төлөөлөгчдөд танилцуулжээ.
Хулангийн нүүдлийн замыг хамгаалах шаардлагатай байна
Хулан бол хоол тэжээл, усны нөөц болон улирлын нөхцөлөөс хамааран өргөн уудам газар нутагт шилжин нүүдэллэдэг зэрлэг амьтан юм. Иймээс зөвхөн тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэхээс гадна тэдгээрийн хоорондох нүүдлийн зам, амьдрах орчны холбоосыг хадгалах шаардлагатай.
Төмөр зам, авто зам болон хилийн хашаа нь амьдрах орчныг хэсэгчлэн тусгаарлах эрсдэлтэй тул дэд бүтэц төлөвлөлтөд зэрлэг амьтдын нүүдлийн судалгааг тусгах, тохиромжтой гарц, нэвтрэх боломжийг бүрдүүлэх асуудлыг онцолжээ.
Хулан хамгаалах санаачилгыг Төв Азийн хэмжээнд өргөжүүлэхээр зорьж байна
Монгол Улс 2024 оноос аравдугаар сарын 25-ны өдрийг "Хулан хамгаалах өдөр" болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд уг санаачилгыг Төв Азийн бусад оронд түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.
Хулангийн тархац, нүүдэл нь улсын хилээр хязгаарлагддаггүй учраас бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа, судалгааны мэдээлэл солилцох болон газар ашиглалтын бодлогыг уялдуулах нь чухал юм.
Цаашид хулангийн нүүдлийн замыг хадгалах, зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтэц хөгжүүлэх, хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал нөлөөтэй гэж шинжээчид онцолжээ
Холбоотой мэдээ





